Тавдугаар сарын 14, 15-н буюу энэ амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн алба зам тээврийн ослын шинжтэй 389 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэжээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас найман хүн гэмтэж бэртсэний хоёр нь нийслэлд, зургаа нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт таван хүний амь нас хохирчээ.
Амралтын өдрүүдэд хүүхэд өртсөн гурван осол бүртгэгдэж, нэг хүүхэд гэмтэж, хоёр хүүхдийн амь нас хохирсон байна.
Дээрх осолд өртсөн хүүхдүүдийн нэг нь явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон бол хоёр зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцжээ.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахыг хориглосон байдаг.
Иймд
- Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглах,
- Хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын автомашины арын суудалд зорчигчийн хамгаалах бүс зүүлгэн тээвэрлэх,
- Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцохдоо өөрөөсөө салгахгүй хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт авч явахаар заасан байдаг тул эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох,
- Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх,
- Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах,
- Хэт их ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх,
- Зам орчны байдалд хурдаа тохируулах, өөрийн болон зорчигчийн суудлын бүсийг зүүж, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 291 зөрчил бүртгэгдсэний нийслэлд 238, орон нутагт 53 зөрчил тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан хэмээн Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.