Ерөнхий боловсролын сургуулиуд хөлбөмбөг, сагсан бөмбөгийн талбайд хүүхдүүдийг тоглуулдаггүй талаарх асуудал олны шүүмжлэлийг дагуулж байна.
Уг асуудлын талаар Нийслэлийн Боловсролын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Буянтогтох хэлэхдээ "Уг нь сургуулийн хашаан дахь спортын талбай, барилга байгууламж нь тухайн сургуулийн өмч байдаг. Энэ утгаараа сургуулиуд өөрийн эзэмшлийн ногоон байгууламж зэргээ хамгаалж зарим тохиолдолд зуны амралтын үеэр сургуулийн хашаагаа түгжих зэрэг асуудал байдаг.
Гэхдээ ер нь хүүхдүүдэд зуны цаг амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх тоглоомын талбай хомс байгаатай холбогдуулж Нийслэлийн Засаг даргын захирамж гарч байгаа.
Тодруулбал, зургаадугаар сарын 2-ноос буюу өнөөдрөөс эхлэн наймдугаар сарын 20-н хүртэл бүх сургуулийн гаднах биеийн тамир, тоглоомын талбайг хүүхдүүд тоглоход нээлттэй байлгах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж өнөөдрөөс гарч байгаа" гэв.