Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын Эрдэм сургууль Олон улсын Ротаригийн гишүүн “Нарлаг Улаанбаатар Ротари" клубийн “Шинжлэх ухааны лаборатори 2” төслийн хүрээнд лабортори дугуйлантай болжээ.
“Шинжлэх ухаанч багачууд” хэмээх дугуйлангийн төсөл шалгаруулах уралдаанд улсын хэмжээнд 54 сургууль материалаа хүргүүлэн өрсөлдсөнөөс нийслэлийн 52, 71 дүгээр сургууль, Баянхонгор аймгийн "Эрдэм" сургуулиудыг сонгосон байна.
Төслийн санхүүжилт 45 мянган ам.доллар бөгөөд дээрх гурван сургуульд 3-6 дугаар ангийн сурагчдад зориулсан иж бүрэн лаборатори байгуулж, туршилт хичээлийн хөтөлбөр, гарын авлага, видео хичээлээр хангасан байна.
Шинжлэх ухааны лаборатори төслийг Япон улсын бага сургуульд заадаг туршлага дээр үндэслэн Японы Кавасаки Саут клубтэй хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд тус клубийн ерөнхийлөгч нээлтийн үйл ажиллагаанд мэндчилгээ ирүүлсэн байна. Энэ үйл ажиллагаанд аймгийн Шинжлэх ухаан инновацын зөвлөлийн гишүүд оролцож Шинжлэх ухааны лабортори дугуйлан улсын хэмжээнд анхных бөгөөд шинжлэх ухаан танин мэдэхүйн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг цохон тэмдэглэж, багш, сурагчдад амжилт хүссэн юм.
Байгалийн ухааны хичээлүүд төдийгүй хүүхдийг багаас нь шинжлэх ухаанд дурлах эрдэм шинжилгээ судалгаа, инженерчлэлийн мэдлэг мэдээлэлтэй болоход онц ач холбогдолтой биет үзүүлэн, техник технологийн дэвшлийг ашигласан сургалтын материалууд гээд хүүхдүүдэд чухал хэрэгцээт лабортори байгуулсанд ротаричуудад талархал илэрхийлэн, аймаг орон нутгийн түвшинд дугуйланг байнга дэмжиж ажиллахаа аймгийн Боловсрол Шинжлэх ухааны газрын дарга Ж.Алтанцэцэг онцлосон байна