Байгаль орчны боловсрол олж авах, эх дэлхий, эх орноо танин мэдэх, хүн хоорондын харилцаа холбоог хөгжүүлэх, эрүүл мэнддээ анхаарахад хамгийн үр дүнтэй арга нь явган алхалт гэдэг. Тэгвэл Mongolian Walking Association - Монголын Явган Алхалтын Холбооны салбар байгууллага болох Хөвсгөл аймгийн явган алхалтын холбооноос 2023 оны 3.1-ээс 3.8-ны хооронд "Хөх сувдын эрэлд-2" адал явдалт явган аялалын хөтөлбөрийг Хөвсгөл аймгийн Мөрөн, Рэнчинлхүмбэ, Алаг-Эрдэнэ, Ханх сумын нутагт амжилттай зохион байгууллаа. Аялалын маршрутад Хөвсгөл аймгаас зохион байгуулж буй "Мөсний баяр 2023", үзэсгэлэнт сайхнаараа алдартай Жаргант гол, Монгол улсын хойд хил Ханх сумын нутагт орших Их Саяны нурууны ноён оргил Мөнх сарьдаг уул зэрэг Хөвсгөл аймгийн байгалийн болон түүхэн үзэсгэлэнт газрууд багтжээ.
Тус аялалд Монголын явган алхалтын холбооны 18 алхагч оролцсон бөгөөд тэдний дотор 9 настай Л.Эрхэмбаяр хүү багтаж, аавын хамт маш амжилттай оролцсон нь онцлог байв.
Л.Эрхэмбаяр хүү аавтайгаа хамт эх орныхоо өнцөг булан бүрт очиж алхаж, аялдаг бөгөөд 2022 онд Асралт хайрхан (д.тд 2799 метр), Их Богд (д.т.д 3900 метр), Алтай Таван Богд уулын Малчин оргил (д.т.д 4051 метр)-т хүрч байсан бол энэ удаа Мөнх Сарьдаг (д.тд 3491 метр) оргилд 2023 оны 3-р сарын 4-ний өдрийн 14:29 минутад ийнхүү амжилттай гарч чаджээ.
Эх орноо, байгаль дэлхийгээ хайрлах, ирээдүй хойч үедээ онгон дагшнаар нь үлдээх тухай ярихаас илүүтэй аялж, алхаж, гүн гүнзгий мэдэрч чадсанаар бодитоор хайрлах, бодитоор хамгаалах үзэл бий болдог гэдэгт бид итгэдэг.
Монголын явган алхалтын холбоо нь сар бүр Монгол орныхоо аль нэг аймагт, сар бүр эх дэлхийнхээ аль нэг улс оронд явган алхалтын хөтөлбөрийг зохион байгуулсаар байна.