БНСУ-ын хөрөнгө оруулагч эрхэмтэй уулзалт хийж Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын зүгээс эхний ээлжид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрийн талаарх мэдээлэл, төслийн танилцуулгыг хүргэлээ. Уулзалтад Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан, “MK speed future asset”-ын ахлах удирдлагын захирал Пак Гин Чол болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Хөрөнгө оруулагч Пак Гин Чолын хувьд удахгүй Бүгд Найрамдах Солонгос Улсад болох төв байгууллагын хөрөнгө оруулалтын хуралд Монгол Улс, тэр дундаа Улаанбаатар хотод хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төсөл, хөтөлбөрийн мэдээллийг хүргэх, хамтран ажиллахаар зорьж байгаа юм. Энэ хүрээнд нийслэлийн ойр орчмын байршлуудад төлөвлөж буй дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн төсөл, хөтөлбөрүүдийг ихээхэн сонирхож байгаа талаар дурдсан юм.
Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан, Монгол Улсын Засгийн газар болон Нийслэлийн удирдлагуудын зүгээс гадны хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахдаа аль болох олон талын харилцан ашигтай хамтын ажиллагааг чухалчилж байна. Үүнээс гадна дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн төсөл, хөтөлбөр нь урт хугацааны томоохон төслүүд учир хөрөнгө оруулагчдад аль болох таатай хамтын ажиллагааны нөхцөлийг санал болгож байгаа талаар онцолсон хэллээ.