Сүүлийн жилүүдэд явган алхаж, эрүүл мэнддээ цаг гаргаж, идэвхтэй амьдарч байгаа иргэдийн тоо хэмжээ эрчимтэй нэмэгдэж байгаа нь маш сайн үзүүлэлт юм. Явган алхсанаар хүний биеийн бүхий л үйл ажиллагааг дэмжиж, эрүүл чийрэг байх суурь үндсийг бүрдүүлж байдаг байна. Монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан зүрх судасны өвчлөлийг бууруулж, урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ хорт хавдар, үе мөчний өвчин, тэр ч байтугай тархи мэдрэлийн үйл ажиллагааг дэмжиж мартах өвчин, салгалах өвчнөөр өвчлөх эрсдэлийг бууруулж байдаг.
Тиймээс Монголын явган алхалтын холбоо нь үндэсний хэмжээнд аймаг, дүүргийн Биеийн тамир, спортын хороотой хамтран явган алхалтын олон арван арга хэмжээг хэрэгжүүлж, хүн амын хөдөлгөөний дутагдлаас улбаатай өвчлөлийг бууруулахад анхаарч, эрчимтэй ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн, “Алсын хараа-2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөр, “Эрүүл нийгэм-Эерэг хандлага” аян, хөдөлгөөн эрүүл мэндийг сайжруулах, нийтийн биеийн тамир, явган алхалтыг сурталчлах цуврал арга хэмжээ явагдаж байна.
Энэ удаад аймаг, дүүргийн явган алхалтын холбоодын удирдлагууд, идэвхтэй, тэргүүний явган алхагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой бүтэн өдрийн сургалтын хөтөлбөрийг 2024 оны 12-р сарын 1-ний өдөр Спортын төв ордонд амжилттай зохион байгуулжээ.
Тус “WALKING INSTRUCTOR TRAINING PROGRAM-III” явган алхагчдыг чадваржуулах сургалтаар 9 модуль хичээлийн хүрээнд зохион байгуулсан бөгөөд сургалтад БТСУХ-ны БТБХХ-ийн дарга О.Баасан, МЯАХ-ны тэргүүн Б. Болор-Эрдэнэ нар нээлтийн үг хэлж оролцогчдод баяр хүргэж амжилт хүсэв. Энхүү сургалтаар “Явган Алхалтын ач холбогдол, бодит өөрчлөлт” сэдвээр МЯАХ-ны ЕНБД Д.Болорцэцэг, “Явган алхалтын хэвцас, хэрэгсэл, тэдгээрийн хэрэглээ” сэдвээр МЯАХ-ны гишүүдийн хөгжил, сургалт хариуцсан захирал С. Хандхүү, “Алхалтын дэг журам, протокол” сэдвээр МЯАХ-ны тэргүүн Б.Болор-Эрдэнэ, “Явган алхалт биеийн тамирын үндэс болох нь” сэдвээр БТСУХ-ны БТБХХ-ийн дарга О.Баасан, “Амьд гарах арга ухаан” сэдвээр Зэвсэгт хүчний жанжин штаб, 084-р ангийн сургагч багш Б.Бямбасүрэн, “Аяллын багаж хэрэгсэл” сэдвээр сургагч багш Г.Цогтжаргал, “Өөрийгөө ялсан түүх ба амжилтын замнал” сэдвээр Хэт холын зайн гүйлтийн дэлхийн аварга Б.Буджаргал, “Уул, алхалтын ур чадварыг нэмэгдүүлэх нь”, “Өндрийн өвчин ба түүнээс урьдчилан сэргийлэх аргууд” судвээр Монголын уулчдын үндэсний холбооны дэд ерөнхийлэгч, уулын спортын мастер С.Ганхүү, “Коммунитид суурилсан гишүүдийн хамтын ажиллагааны хөгжлийн шинэ боломж” сэдвээр сургагч багш Дархан-Уул аймгийн Явган алхалтын холбооны гишүүн М.Баасансүрэн нар сургалт хийлээ.
Энэ удаагийн сургалтын нэг онцлог нь явган аялагчид уул тайга, тал хээрийн нөхцөлд байгаль цаг уурын гэнэтийн өөрчлөлтийн үед, хоол хүнс тэжээлгүй болсон тохиолдолд, зэрлэн ан амьтны дайралт зэрэг аюултай нөхцөл байдал үүссэн үед, гал хөс алдаж, ундны усгүй болсон үед, гэмтэл бэртэл учирч хүнд нөхцөл байдал үүссэн үед хэрхэн амьд гарах вэ гэсэн агуулгын хүрээнд модуль сургалт орсон нь онцлог байлаа. Гарын доорх материалыг ашиглан агнуурын багаж зэвсэг, хөдөлмөрийн багаж хэрэгсэл ашиглах, гал асаах, цэвэр ус олох, урхи занга бэлтгэх талаар үндсэн ойлголтуудтай болжээ. Түүнчлэн өндөрлөг уулын бүсэд аялах үед хүний бие организмд гарч болох өөрчлөлтүүд, эрсдэлт хүчин зүйлсүүд, шинж тэмдгийн талаар мэдэж, цаашид гарч болох эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх мэдлэгтэй болсон нь чухал байв.
Мөн Монголын явган алхалтын холбоо нь шинэ алхагч, алхалтыг сонирхож байгаа иргэдэд зориулсан алхагч нарт зориулсан анхан шатны сургалт өнгөрөгч амралтын өдрүүдэд зохион байгуулагджээ. Тус сургалт маань Богдхан уулын Зайсангийн аманд практик алхалт хийгдэж, онол, арга зүйн сургалт “Хүүхдийн эко-боловсролын төгөл”-д зохион байгуулагджээ. “Явган алхалтын ач холбогдол, алхалтаар эерэг өөрчлөлтийг бүтээх нь”, “Алхалтын хувцас, хэрэгсэл, таяг, хадаас, үүргэвч, хантааз, түрий тэдгээрийг ашиглах арга зүй”, Алхалтын үеийн аюулгүй байдал эрсдлийн менежмент зэрэг агуулгын дагуу тодорхой ойлголтуудыг өгсөн чадсан сургалт боллоо
Монголын явган алхалтын холбоо нь 2025 онд сургалт хөгжлийн үйл ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч байна. Цаашид алхалтын ач холбогдлыг ойлгосон, зөв алхалтын техникийг эзэмшсэн олон иргэд явган алхдаг дадал хэвшлийг бий болгох нь дамжиггүй.