Монгол улсын цөмийн оношилгоо, эмчилгээний төвийн нээлт улсын хоёрдугаар төв эмнэлэгт өнөөдөр буюу наймдугаар сарын 26-нд боллоо. Уг төвийг ашиглалтад оруулснаар цацраг идэвхт оношилгооны төхөөрөмжөөр хавдар болон бусад өвчнийг эрт илрүүлж, үе шатыг нь тогтоох боломжтой болж байна. УХТЭ-ийн цөмийн оношилгоо, эмчилгээний төвийн нээлтэд Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, шадар сайд С.Амарсайхан, эрүүл мэндийн сайд С.Энхболд, цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав болон албаны бусад хүмүүс оролцлоо. Уг оношилгооны төхөөрөмжийг суурилуулах санхүүжилтийг БНСУ-ын ЭКСИМ банкны урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийджээ. Цөмийн оношилгооны талаар ХТЭ-ийн цөмийн оношилгоо, эмчилгээний төвийн изотоп үйлдвэрлэлийн инженер О.Билгүүнтөр төхөөрөмжийн талаар "Хавдрын оношилгоог хийхийн тулд цацраг идэвхт бодисыг хавдрын эсэд суулгадаг юм. Өөрөөр хэлбэл, цацраг идэвх бодисыг хүнд тарьж, хавдрын эсэд очиж суулгана гэсэн үг юм. Ингэж цацраг идэвхт бодисын суурилсан эсийн зургийг авна. Эс дээр очиж суурилж байгаа учраас эсийн түвшинд хавдар болон бусад өвчлөлийг эрт илрүүлнэ гэсэн үг юм. Цөмийн бага чадлын цикл хурдасгуур гэдэг төхөөрөмж дээр суурилж хэрэглэдэг цацраг идэвхт бодис нь 110 минутын дотор задардаг учир дотооддоо үйлдвэрлэх шаардлагатай байдаг. Тиймээс тухайн бодисыг гаднаас зөөвөрлөх боломжгүй. Харин УХТЭ цацраг идэвхт бодисыг дотооддоо үйлдвэрлэж эхэлснээр PET/CT оношилгооны төхөөрөмжийг ашиглах боломж бүрдэж байна” хэмээн танилцууллаа.