Хаврын урь орсон дөрөвдүгээр сараас хачгийн идэвх сэргэж үржил хөгжил нь явагддаг ба тав, зургаадугаар сард хамгийн элбэгшинэ. Цаг агаар удаан бүрхэг, хүйтэн байгаад дулаарахад хачгийн идэвх огцом нэмэгддэг. Нартай дулаан өдрийн 8-12, 17-20 цагуудад ихээр гардаг. Хачигт хазуулсан болгон халдвар авахгүй гагцхүү өвчин үүсгэгч агуулсан хачигт хазуулбал халдвар авдаг байна.
Хачгийн тархалттай газруудад явахдаа тод өнгийн, битүү хувцас өмсөх, өөрийн болон бусдын хувцсанд хачиг наалдсан эсэхийг шалгах, ойд өмссөн хувцсаа бүрэн солих, бага насны хүүхдийг хачигт хазуулсан эсэхийг тогтмол шалгаж байх, хачгийг салгаж авах аргыг мэддэг байх, хачиг үргээгч, дайжуулагч бодисыг зөв хэрэглэхийг зөвлөж байна.