Улсын онцгой комиссын 12 дугаар хуралдааны тэмдэглэлээр өнөөдрөөс эхлээд Дорноговь аймгийн Замын-Үүд сум руу зөвхөн хүнс, шатахуун, буяны болон эрүүл мэндийн шалтгаантай иргэд, тээврийн хэрэгсэлд Зорчих хөдөлгөөнд орох зөвшөөрлийг УОК-оос өгөхөөр болжээ.
Бусад шалтгаант ачаа тээвэрт Замын-Үүд сум руу нэвтрүүлэх зөвшөөрөл олгохгүй бөгөөд энэ шийдвэр дөрөвдүгээр сарын 16-ны 06:00 хүртэл үргэлжилнэ гэж ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг мэдээллээ.
Тэрбээр "Дорноговь, Өмнөговь зэрэг хилийн боомт бүхий аймгуудад тодорхой хязгаарлалт хийх зайлшгүй шаардлага гарч байна. БНХАУ талаас хязгаарлалт тавьсан, харин Монголын талаас хязгаарлалт тавиагүй. Дээрх шийдвэрийг хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн үргэлжүүлэхтэй холбогдуулан гаргасан" гэлээ.