ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн үеэр Халдвар ба жирэмслэлт төрөлт, төрсний дараах үеийн тусламжийн талаар АУҮИС-ийн эх барих эмэгтэйчүүдийн судлалын тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Д.Мөнхцэцэг дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Жирэмслэлтийн үед амьсгал, зүрх судасны тогтолцоонд маш их өөрчлөлт гардаг. Эхийн хэвлийд ураг өсч томрох тусам хүчилтөрөгчийн хэрэгцээ нэмэгддэг. Цусны эргэлтийн хэмжээ нь жирэмсэн биш хүнтэй харьцуулахад 1.5-2 литрээр нэмэгдэнэ. Үүнээс улбаалан зүрхний ачаалал эрчимждэг. АНУ-д хийгдсэн судалгаагаар 23 мянган жирэмсэн эмэгтэйчүүдийг 386 мянган жирэмсэн биш эмэгтэйчүүдтэй харьцуулахад Covid-19 халдвар авсны дараа жирэмсэн эмэгтэйчүүд эрчимт эмчилгээний тасагт хэвтэх нь гурав дахин ихэссэн. Зохиомол амьсгал хийгдэх нь хоёр, ECMO аппаратад орох нь нэг, эхийн эндэгдэл нэг дахин нэмэгдсэн. Халдварын улмаас ураг амьгүй болж, савны гадуурх жирэмслэлт, дутуу төрөлт илүүтэй тохиолдож байна. Эхээс хүүхдэд халдвар тархах эрсдэл бага хэдий ч эхэсээр дамжуулан халдвар авсан тохиолдол Монголд бүртгэгдсэн. Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн хугацаанд 200 орчим Covid-19 халдвартай эх төрсөн.
ХӨСҮТ-д эмчлүүлсэн жирэмсэн болон төрсөн 98 эхчүүдийг судалж үзэхэд 50 орчим хувь нь уушгины хатгалгаатай байсан. Төрсөн эхчүүдийн хоёр нярайгаас халдвар илэрсэн. Өнөөдрийн байдлаар 119 жирэмсэн, төрсөн эхчүүд эмчлүүлж байна.
2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн олон улсын судалгаанд дурдсанаар цар тахлын өмнө эхийн эндэгдэл 168295 байсан бол цар тахлын үед 198993 болж нэмэгдсэн. Онцгой анхаарах ёстой өөр нэг асуудал нь сэтгэл гутрал. Төрсний дараах эхчүүдэд дааврын өөрчлөлтийн улмаас хөнгөн хэлбэрийн сэтгэл гутрал явагддаг. Гэтэл дээрх судалгаагаар төрсний дараа биш жирэмсэн үед ч гэсэн сэтгэл гутрал маш их байгааг харуулсан. Цар тахлын өмнө 2330 байсан бол цар тахлын үед 6517 болж дөрөв дахин өссөн.
Covid-19 халдварыг жирэмсэн үед авах юм бол үр хөврөлд гаж нөлөө үзүүлэх эсэх талаар олон улсад судалгаа хийж байна. Жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд таргалалт, артерийн даралт ихсэх, ахимаг насандаа төрөх зэрэг эрсдэлүүд байна. Тиймээс жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсны дараа хүндрэл өгөх тохиолдол гарч байгаа тул эрсдэлтэй жирэмслэлтэд орсон бол вакцин хийлгэхийг зөвлөж байгаа. Вакцин хийлгэсэн жирэмсэн эмэгтэй нас барсан тохиолдол гараагүй. Ашиг эрсдэл хоёрыг үнэлээд, хэрвээ эрсдэлтэй жирэмслэлтэд орж буй бол вакцинжуулалтад хамрагдахыг ДЭМБ-аас зөвлөж байна.