“Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлын тухай хуулийн төсөл”-ийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ, Л.Мөнхбаатар нар санаачилжээ. Хуулийн төслийн талаар гишүүд мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Монголын төрийн зүгээс сүүлийн 30 жилд хүн ам зүйн асуудлаар бодлого чиглэл гарч байгаагүй. Хамгийн сүүлд 1991 онд БНМАУ-ын Хүн ам зүйн баримтлах чиглэл гэх баримт бичиг Ерөнхийлөгчийн зарлигаар гарч байсан. Түүнээс хойш 30 жилийн дараа бид хүн ам зүйн талаар баримтлах цогц бодлогыг өргөн барьж байна.
Удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалснаар монгол хүний хөгжлийг хамгаалах улс орны хөгжлийг тэтгэх хамтад нь өргөн барьж байна. Удмын сангийн аюулгүй байдал гэдэг бол төрийн хар хайрцагны бодлого. Цаашид Израиль, Япон, Сингапур шиг оюуны потенциалтай иргэдтэй болох вэ гэдэг хамгийн чухал.
Төрийн зүгээс удмын сангийн аюулгүй байдлын асуудлыг анхаарахгүй бол цус ойртох эрсдэл үүсээд байна. Монголын бүх аймаг, сумдад хийсэн судалгаагаар монголчууд баг хороон дотроо гэрлэж байгаа үзэгдэл 85 хувьтай бол аймаг дотроо гэрлэх тохиолдол 74 хувьтай байна. Үүнээс харахад цаашид төрийн зүгээс удмын сангийн асуудлыг анхааралдаа авах хэрэгцээ шаардлага бий болсон" хэлсэн юм.
Хуулийн төсөлд 7 гол асуудлыг тусгасан гэв. Тухайлбал
- Монгол хүний удмын санг хамгаалах үндэсний хөтөлбөртэй болох
- Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлын асуудал үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд ургийн бичиг хөтлөх
- Хүн ам зүйн бодлогын хэрэгжилтийг хангах удирдах зохион байгуулах нэгжтэй болох зэрэг заалтуудыг тусгажээ.