КОВИД-19 цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг зөөлрүүлэх багц арга хэмжээг Монгол банкнаас авч хэрэгжүүлж буй тухай мэдэгдлээ.
Тодруулбал, Төв банк санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах, санхүүгийн салбарт хуримтлагдсан эрсдэлийг бууруулж, цар тахлын дараах “Их сэргэлт”-ийг зорин дараах хоёр нөхцөлийг зэрэг хангасан зээлдэгч, төлбөр хариуцагчийн зээлийн мэдээллийг лавлагаанд тусгахгүй байхаар Зээлийн мэдээллийн санд тохируулга хийх шийдвэрийг гаргасан байна. Үүнд:
- Монгол банкны зээлийн мэдээллийн санд нэгээс дээшгүй хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн түүхтэй байх,
- Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, төлбөр нь 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс өмнө бүрэн төлөгдсөн байх гэжээ.
Монгол банкнаас гаргасан шийдвэр нь 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих бөгөөд анхаарал хандуулах (хугацаа хэтэрсэн) болон чанаргүй зээлийн ангилалд орсон зээл, өр төлбөрөө 2021 оны зургадугаар сард багтаан бүрэн барагдуулсан тохиолдолд дээрх арга хэмжээнд хамрагдах боломжийг иргэн, аж ахуйн нэгжид олгож байгаа аж.
Эх сурвалж: Монголбанк