Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт зургадугаар сарын 2-9-ний хооронд иргэдээс нийт 2374 дуудлага ирснээс 2155 буюу 90.77 хувьд нь амжилттай үйлчилж ажилласан байна. Үүнээс НОК-ын шийдвэр үйл ажиллагаатай холбоотой дуудлага 48 буюу 2.13 хувийг эзэлжээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 14 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.36 минут байна. Мөн дээрх хугацаанд “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод 202 иргэн хандаж, автомат хариулагчтай 95, оператор ажилтантай 107 иргэн холбогдон мэдээлэл авлаа. Дархлаажуулалтын явуулын болон суурин цэгийн байршлыг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудас болон тус хуудасны чатботоос авах боломжтой.
1800-1200 тусгай дугаарт иргэдээс түгээмэл ирж байгаа асуултад Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат хариулт өглөө.
-Нийслэлийн хэмжээнд хэдэн төрлийн вакцин хийж байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд Вероцел, Спутник-V, Астразенека, Файзер гэсэн дөрвөн төрлийн вакцин хийж байна.
-Файзер вакциныг ямар иргэдэд хийж байна вэ?
-Сайн дурын үндсэн дээр тархвар судлалын заалтаар Файзер вакциныг зорилтот бүлгийн /архаг хууч өвчтэй, байнгын асаргаанд байдаг, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд, хөхүүл хүүхэдтэй/ иргэдэд тавдугаар сарын 29-нөөс хийж эхэлсэн.
-Файзер вакцин хийлгэх зорилтот бүлгийн иргэд зөвшөөрөл авах уу?
-Эрүүл мэндийн сайдын тушаалаар зөвшөөрлийн хуудас гарсан. Иргэд тухайн дархлаажуулалтын цэг дээр байгаа эмчдээ үзүүлээд, зөвшөөрсөн тохиолдолд газар дээр нь зөвшөөрлийн хуудсыг бөглөн, дархлаажуулалтад хамрагдана.
-Шинжилгээний цэгүүд зөвхөн түргэвчилсэн шинжилгээ авч байгаа. Хэзээнээс ийм болсон бэ?
-Зургадугаар сарын 3-наас нийслэлийн төвийн зургаан дүүрэгт ажиллаж байгаа шинжилгээний цэгүүд түргэвчилсэн шинжилгээ авч эхлээд байна. Зөвхөн ойрын хавьтлаас PCR-ын шинжилгээ авахаар Эрүүл мэндийн яамнаас шийдвэрлэсэн.
-Хөдөө, орон нутаг руу иргэд хэрхэн зорчих вэ?
-Хөдөө, орон нутаг руу иргэд тухайн аймгийнхаа онцгой комиссын шийдвэрийг үндэслэн түргэвчилсэн болон PCR шинжилгээний хариугаар зорчино. Мөн орон нутаг руу зорчиж байгаа 0-17 насны хүүхдээс PCR болон түргэвчилсэн шинжилгээний хариу шаардахгүй бөгөөд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд заавал түргэвчилсэн шинжилгээ авна. Вакцины бүрэн тунд хамрагдсан иргэдийн хувьд вакцинд хамрагдсан гэрчилгээ /вакцинд хамрагдсанаас хойш 14 хоногийн дараа/ шаардагдах бол сүүлийн дөрвөн сарын дотор өвдөөд эдгэсэн хүмүүс тухайн хэвтэж эмчлүүлсэн дүүргийн эрүүл мэндийн байгууллагаас магадалгаа бичиг авах бөгөөд шинжилгээ шаардахгүй.
-Шинжилгээний цэгүүд хаана ажиллаж байгаа вэ?
-Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт суурин гурав, явуулын гурван шинжилгээний цэг ажиллаж байгаа. Баянзүрх дүүргийн шинжилгээний цэгийн байршилд өөрчлөлт орсон. Дараах байршлуудад 09:00-12:00 цагийн хооронд шинжилгээ авч байна. Үүнд:
- Баянгол дүүрэг-96 дугаар цэцэрлэг
- Сүхбаатар дүүрэг- 143 дугаар цэцэрлэг
- Чингэлтэй дүүрэг-74 дүгээр цэцэрлэг
- Баянзүрх дүүрэг- Баянзүрх дүүргийн авто оношилгооны төвийн зогсоол /Хуучнаар Тэнгэр худалдааны төвийн гадна талбай/
- Сонгинохайрхан дүүрэг- 5 шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай
- Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай.
НИЙСЛЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН ТӨВ