Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн С.Эрдэнэ хэвлэлийн хурал хийлээ. Тэрээр дараах мэдээллийг өглөө:
-Нийгэм эдийн засгийн хүнд нөхцөлд манай улс байна. Ерөнхийлөгчид захиас хэлье. Сонгуулийн үеэр олон будлиан гарсан. Мөнгө тараасан гэдгийг та бүхэн мэднэ. Хууль хүчний байгууллагууд эдгээрийг шалгана байх. Нотлох баримт олон бий. Нэгэнт болоод өнгөрсөн юм чинь гэж үүнийг орхигдуулж болохгүй.
Олон жил улс төрийн тогоонд хамт явсан хүний хувьд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хатуу үг хэлж явсан удаа бий. Гэхдээ би СЕХ-ны дүн мэдээг хүлээн авч, дараагийн Ерөнхийлөгчийн ажилд амжилт хүсье. Надад саналаа өгсөн олон мянган иргэдэдээ маш их баярлалаа. Би эцсийн мөч хүртлээ Монголын ардчиллын төлөө зүтгэх болно.
Миний улс төрийн замнал, карьер дуусаагүй. Дуусаасай гэж хүсдэг хүмүүүс бий. Би тэдний хүслийг биелүүлэхгүй. АН-ыг хагаралтай, хуваагдсан мэтээр ойлгуулдаг. Манай намд ийм зүйл байхгүй. Улсын дээд шүүхийн бүх гишүүдийн бүрэлдэхүүнтэй хуралдаж, улс төрийн намын даргын асуудлыг шийддэг хуультай болсон. Иймд хуралдааны тов хэзээ гарахыг би мэдэхгүй байна. АН-ын шинэ залуу даргаар М.Тулгатыг гишүүд сонгосон. Шинэ удирдлагууд ажлаа төлөвлөж байгаа боловуу. АН дандаа дардан яваагүй. Өмнө нь унаж явсан түүх бий. Залуу үе эрч хүчтэй, чадварлаг ажиллана гэж найдаж байна. Би үзэл санаа, үнэт зүйлийнхээ төлөө зогссон. Би яагаад ялагдсан шалтган цаг хугацааны явцад тодорно.