Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон улсад ажлын айлчлал хийх үеэр Япон Улсын ерөнхий сайд Ё.Сүгатай албан ёсны уулзалт хийсэн. Энэ үеэр ерөнхий сайд Ё.Сүга олимпийн наадмыг зохион байгуулах түүхэн сорилттой үед Монгол улсын ерөнхий сайд манай улсад биечлэн ирсэнд, мөн гадаад улс оронд хийж буй анхны айлчлалаа Япон улсаас эхлүүлсэнд талархал илэрхийлж, найрамдал нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болгон Акита үүлдрийн нохой бэлэглэжээ. Халдварын эрсдэлээс сэргийлж нохойн чихмэлийг Япон улс дахь Монгол улсын элчин сайдын яамаар дамжуулан ерөнхий сайдад хүргүүлсэн байна. Харин бэлгийн нохойг цар тахал намжих үед илгээхээ уламжилсан байна. Акита үүлдрийн нохой нь Японы Акита муж орчмоос гаралтай. Эр зориг үнэнч сэтгэлийн бэлгэдэл гэдгээрээ алдартай. Эзнээ 10 жил хүлээсэн Хачико нохой нь Акита үүлдрийнх бөгөөд түүний үнэнч сэтгэлийг мөнхөлж Японы Токио хотын Шибүя дүүргийн төмөр замын өртөөнд хөшөөг нь босгосон байдаг.