Өчигдөр буюу 2021 оны наймдугаар сарын 4-ний Засгийн газрын хуралдаанаар, шил,шилэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Эрдэсплазм” ХХК-д таван жилийн хугацаатай олголоо. Мөн паркийн дэд бүтцийг байгаль орчинд ээлтэй, дэвшилтэд технологи ашиглан барьж байгуулах мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг холбогдох сайд нар үүрэг болголоо. Нийслэийн Багахангай дүүрэгт байгуулагдах технологийн парк нь нийт гурван үйлдвэрийн бүстэй бөгөөд эхний ээлжинд ашиглалтад орох савлагааны шилний үйлдвэр нь жилд дунджаар 48 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, улс, орон нутгийн төсөвт жилд дунджаар 10 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 380 гаруй ажлын байр шинээр бий болгох урьдчилсан тооцоо хийгджээ. Бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд дунджаар 50 гаруй сая ам.долларын шил,шилэн хийцийн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Эхний ээлжид ашиглалтад орох савлагааны шилний үйлдвэр нь хоногт 68.8 тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм байна.