УИХ-ын даргын 2021 оны 54 дүгээр захирамжаар Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Уг ажлын хэсгийн гишүүн Н.Учрал, Э.Бат-Амгалан, Ж.Сүхбаатар, Д.Цогтбаатар нар өчигдөр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт ажиллаж, Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах “1111” төв болон “Е-Мongolia” төвийн үйл ажиллагаатай танилцжээ.
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас “Е-Mongolia” төрийн үйлчилгээний нэгдсэн цахим системийг хөгжүүлж байгаа бөгөөд өдөрт дунджаар 50-60 мянган хандалт авдаг байна. Иргэд вакцины гэрчилгээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, оршин суугаа хаягийн лавлагаа зэрэг төрийн 539 төрлийн үйлчилгээг цахимаар авах боломжтой болжээ.
“Е-Mongolia” нь цахим засаглалын нэг хэсэг гэдгийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ “Зөвхөн харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар эсвэл төрийн үйлчилгээг цахимжуулаад орхихгүй. Техник технологийн хурдацтай хөгжлийн үед Засгийн газраас “Цахим үндэстэн” болох зорилт тавин ажиллаж байна. “Цахим үндэстэн” болохын тулд бүх нийтийн цахим хэрэглээний суурь чадавхыг сайжруулах, ур чадвартай мэргэжилтэн бэлтгэх, цахим орчны зохистой хэрэглээг төлөвшүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон ажлыг хийх шаардлагатай. Цахим шилжилтийг хийхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, иргэдийн оролцоо, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал ач холбогдолтой” гэсэн байна.
УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал “Төрийн үйл ажиллагааг ил тод, авлигаас ангид, иргэдэд чирэгдэлгүй хүргэхэд цахим шилжилт чухал үүрэг гүйцэтгэнэ. Манай улс дэлхийн бусад улс оронтой өрсөлдөх чадвараа дээшлүүлэх шаардлага үүсэж байна. Технологийн шинэчлэлээс гадна хууль, эрх зүйн өөрчлөлтийг хийх хэрэгтэй учраас УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хамтран Нийтийн мэдээллийн тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай болон Цахим гарын үсгийн тухай хуулийн төслүүд дээр ажиллаж байна. Цахим засаглалыг хөгжүүлэхэд мэдээллийн аюулгүй байдал хамгийн чухал байгаа” гэжээ.