Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр НЭМҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нарантуяа, НЭМҮТ-ийн Биотехнологи, инновацийн албаны дарга Б.Ичинхорлоо, БНСУ-ын “К2ЛБИО” байгууллагын захирал, доктор Ли Кён Мин нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар БНСУ-ын “К2ЛБИО” байгууллагын захирал, доктор Ли Кён Мин Шадар сайдад Короновируст халдвар илрүүлэх бичил лабораторийг Монгол Улсад байгуулах саналаа танилцууллаа. Тус лаборатори PCR түвшинд дүйцэх шинжилгээг хийх хүчин чадалтай бөгөөд шинжилгээний сорьцыг тусгай лабораторид хүргэж уншихгүйгээр шууд шинжилгээ хийдгээрээ онцлог аж. Мөн бага орон зай эзлэн ажилладаг, 15 минутаас нэг цагийн дотор 340 сорьцийг шинжлэн хариу гаргах чадвартай, вирусний мутаци болох альфа, дельта бусад хувилбарыг ялган таних боломжтой зэрэг давуу талуутай аж.
Энэхүү бичил лаборторийг эхний удаад Чингис хаан олон улсын нисэх буудал, Замын-Үүд, Алтанбулаг хийлийн боомт, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд байршуулан, туршилтын байдлаар зорчигч, иргэдээс шинжилгээ авах, цаашлаад аймаг, дүүргүүдэд суурьшуулан, цахим сүлжээгээр холбож, мэдээллийг нэгдсэн сүлжээ үүсгэх, лаборатори дээр ажиллах эмч эмнэлгийн ажилтнуудад сургаж дадлагжуулах боломжтой тухай доктор Ли Кён Мин танилцуулав.
Мөн коронавирусний халдвараас урьчилсан сэргийлэх, халдвар авсан тохиолдолд вирусыг устгах, өвчлөлийг эдгээх БНСУ-д үйлдвэрлэсэн биологийн идэвхит бүтээгдэхүүний дээжээс Монгол Улсад хандивлах, цаашид худалдах, худалдан авах гэрээ байгуулах санал хэллээ.
Шадар сайд С.Амарсайхан түүнийг хамтран ажиллах гаргасанд талархаж, "Холбогдох газруудаас зөвшөөрөл олгож, аль болох богино хугацаанд бичил лабораторийг байршуулах, суурилуулах асуудалд бид анхаарна. Хамгийн гол нь лабораторийн хувьд сорьцод хийх шинжилгээ нь чанар стандартын шаардлага хангасан, дэлхийн болон олон улсын байгууллага хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Лабортори богино хугацаанд сорьцийг шинжлэн хариу гаргадаг учраас бид эхний ээлжинд хил гааль, халдварын тархалт эхтэй дүүргүүдэд байршуулна. Гэхдээ тус лабортори сорьцоос коронавирусыг алдалгүй тогтоож байна уу, мутацийг ямар хэмжээд илрүүлэх вэ гэдгийг манай мэргэжлийн байгууллагуудтай хамтран туршиж, үр дүнгээ ойрын хугацаанд танилцуулах хэрэгтэй. Үнэхээр алдаа мадаггүй ажиллаж байгаа бол бид хамтын ажиллагаагаа эхлүүлж, цаашид дүүргүүд болон аймгуудын Эрүүл мэндийн төвд суурилуулна. Та бүхнийг ЭМЯ, ХӨСҮТ, НЭМҮТ, НОК бүх талаар дэмжих болно" гэв.
БНСУ-ын “К2ЛБИО” байгууллагаас танилцуулсан дээрх лабораторийг манай улс хил гаалийн бүс, нийслэл, аймаг дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд суурилуулснаар иргэдээс авах сорьцоос халдвартай эсэхийг нэг цагийн дотор тогтоож, мутацийг мөн давхар илрүүлэх боломж бүрдэх юм.