Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Япон Улсын эрүүл мэндийн хяналтын байгууллагатай хамтын ажиллагаа тогтоож, үйл ажиллагаатай нь танилцан, туршлага судлах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. МХЕГ-ын дарга Т.Гантулга өчигдөр буюу наймдугаар сарын 18-нд Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Кобаяаши Хироюкитэй уулзан, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна. Тэрээр цахим засаглалын үндэсний хэмжээний цогц бодлогын “E-MONGOLIA” хөтөлбөрийн хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагаас хэрэгжүүлж буй “Дижитал шилжилт-Хэрэглэгчтэй хамтарсан хяналт” хөтөлбөрт анхаарал хандуулан, хамтран ажиллахыг хүссэн байна. Элчин сайд Кобаяаши Хироюки дэлхий дахинаа тархаад буй ковид-19 цар тахалтай хамтран тэмцэх нь улс орнуудын нэн тэргүүний зорилт тул Япон улсын холбогдох хяналтын байгууллагуудтай тэр дундаа Японы олон улсын хамтын ажиллагааны агентлагийн Монгол улс дахь төлөөлөгчийн газартай нягт хамтран ажиллахад ажил хэргийн түвшинд дэмжин ажиллахаа илэрхийлсэн гэж МХЕГ-аас мэдээллээ.