МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар Монгол Улсын тамирчин Саид Моллаеи буюу “Молом”-ын гомдолтой холбоотойгоор байр сууриа илэрхийлж байна. Тэрбээр “Олимпд оролцсон тамирчид Монголд ирээд 14 хоног тусгаарлагдаж байгаа. Тусгаарлалтын хугацаа наймдугаар сарын 25-нд тусгаарлалт дуусна. Наана нь дүрэм журмаа зөрчих боломжгүй. Үүнээс өмнө нутгийнхаа тамирчдад нутгийн зөвлөл болон компаниуд байр, мөнгөн шагнал өгч байна. Түүнээс биш “Молом”-ыг, бусад тамирчдыг ялгаварлан гадуурхаагүй. “Молом”-ыг медаль авсан орой нь МҮОХ олимпын хотхон дээр хүлээн авч, баяр хүргэн, бага ч гэсэн урамшуулал олгосон. МҮОХ хорио цээрийн дэглэм дуусангуут шагнал авсан, шагналт байранд орсон тамирчдаа хүлээж авч уулзана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Засгийн газраас Саид Моллаеид 60 сая төгрөгийн урамшуулал олгох тогтоол, шийдвэр гарсан. Төрөөс байр өгөх асуудал яригдаж байгаа юм билээ. Өөрөө Герман руу тодорхой хугацаагаар явчихсан байгаа юм билээ. Ирэхээр нь Засаг төр шагнал урамшууллаа олгох байх. Бүх тамирчдыг хүлээж аваагүй байгаа шүү дээ. Тиймээс тусгаарлалтын 14 хоног дуусаагүй байхад гомдох нь арай эрт. Гомдох шаардлагагүй болов уу” хэмээв.