БОАЖ-ын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар монгол орны хэмжээнд тарвага агнахыг гурван жилийн хугацаанд хориглосон.
Гэтэл тарваганы мах, түүхий эд, дайвар бүтээгдэхүүн тээвэрлэсэн зөрчил 61 удаа гарсныг илрүүлж, ЗӨСҮТ-д шилжүүлэн өгч, зөрчлийн тухай хуулийн дагуу шийдвэрлэсэн байна. Улсын хэмжээнд 17 аймгийн 137 сум тарваган тахлын голомттой болохыг мэргэжлийн байгууллагууд тогтоогоод байгаа юм. Түүнчлэн эргэж холбогдох утасны дугааргүй, эзэн тодорхойгүй ачаанаас хууль бус ан илэрвэл жолооч нарт хариуцлага тооцдог гэдгийг мэргэжилтэн сануулж байна. Түүнчлэн нийслэлийн Засаг даргын 2021 оны А/620 тоот захирамж гарч, нийслэлийн нутаг дэвсгэрт байгалийн голомтот тарваган тахал болон хүн малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналтын үзлэг, тандалт хийх үүргийг холбогдох албаныханд өглөө. Үзлэг хяналтыг наймдугаар сарын 15-наас эхэлсэн бөгөөд авто тээврийн шалган бүртгэх товчоодыг түшиглэн 24 цагаар явуулж байна. Ингэхдээ мэргэжлийн байгууллагын албан хаагчдыг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулж, сургалт явуулж, дадлагажуулахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ. Байгалийн голомтот тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналтын үзлэг, тандалт аравдугаар сарын 15-ныг хүртэл 60 хоног үргэлжилнэ.