Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар үргэлжилж байгаа билээ.Тэгвэл Өнөөдөр (2021.08.20) химийн шалгалт өгсөн сурагчдаас нэг нь гар утас авч орон, материал задруулсан гэх мэдээлэл цахим сүлжээнд тархаад байгаа юм.
Энэ талаар Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллэх"Элсэлтийн ерөнхий шалгалт нууцлал өндөртэй явагддаг. Улс орон даяар зэрэг зохион байгуулдаг тус шалгалтад ном, дэвтэр, гар утас, тооны машин, дуу хураагуур зэргийг авч орох хориотой. Гэтэл өнөөдөр химийн ЭЕШ өгсөн нэг сурагч ангид гар утастай орж, материал задруулж, бусдаас тусламж гуйсан асуудал гарсан.
Нэгдүгээрт, тухайн хүүхэд шалгалтын дүрэм зөрчсөн. Хоёрдугаарт, шалгуулагч болон хянагч багш нар хариуцлагагүй хандсан. Гуравдугаарт, байгууллагын нууцад халдаж, материал задруулсан учраас тухайн шалгуулагчийг яаралтай олохоор ажиллаж байна. Боловсролын үнэлгээний төв болон цагдаагийн байгууллагын хамтарсан хяналт, шалгалт хийж байна.
Одоогоор тухайн сурагч Улаанбаатар хотын шалгуулагч болохыг тогтоосон. Харин аль сургууль дээр шалгалт өгснийг нь тогтоогоогүй байна. Ямартай ч тухайн шалгуулагчийг олж, шалгалтын материалыг хүчингүй болгож, хариуцлага тооцно. Мөн тухайн шалгалтын байранд ажиллаж буй хянагч нарт ч хариуцлага хүлээлгэнэ" гэв.