Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү сэтгүүлчдийн зарим асуултад хариуллаа. Тэрээр “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд гадна талбайд зохион байгуулагдах тэмцээн уралдааныг тухайн аймгийн засаг дарга болоод аймгийн онцгой комисс нөхцөл байдлаа үнэлээд зохион байгуулах эсэхийг гэх шийдвэр гаргасан. Энэ хүрээнд хэд хэдэн аймагт тэмцээн уралдаан зохион байгуулсан юм. Харин энэ сарын 21-нээс тэмцээн уралдаан зохион байгуулахыг хориглосон. Энэ нь намрын ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажил, хичээл сургууль эхлэх гэж байгаатай холбоотойгоор авто замын хөдөлгөөний эрчим нэмэгдэж байгаа энэ үед тэмцээн уралдааныг түр хугацаагаар зогсоогоод байна. Цаашдаа нөхцөл байдалтай уялдуулан шийдвэр гаргаад явна. Улаанбаатар хотод цагийн хязгаарлалт байгаа мөн цаашдаа ч зарим ААН-ийн хувьд цагийн хязгаарлалтыг хийх юм. Халдварын нөхцөл байдалтай уялдуулан шийдвэр гаргаж байгаа бөгөөд аль болох ААН-үүдээ дэмжих чиглэлийг барьж байна. Одоогийн байдлаар ихэнх ААН-үүд хариуцлагын гэрээгээ хийгээд нээгдчихсэн байна” гэв.