Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хүнсний ногооны чанар, аюулгүй байдлыг үнэлэх зорилгоор шинэ ургацын ногоо, жимс жимсгэнэд хяналт шинжилгээ хийх ажил улсын хэмжээнд явагдаж байна.
Одоогийн байдлаар 200 гаруй аж ахуйн нэгж, иргэний тарьж ургуулсан 20 гаруй нэр төрлийн шинэ ургацын ногооны 688 дээжийг ХАБҮЛЛ, аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторид ургамлын хорио цээр, пестицид, нитратын үлдэгдэл тодорхойлох шинжилгээнд хамруулаад буй аж.
Тарвасны 184 дээжийг шинжилгээнд хамруулахад нитратын үлдэгдэл зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй буюу “Жимс, хүнсний ногооны нитрат” MNS-6420:2013 стандартын шаардлага хангасан дүн гарчээ.
Тухайлбал, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар тарвасны 170 дээжинд лабораторийн шинжилгээ хийхэд нитратын үлдэгдэл зөвшөөрөгдөх хэмжээ буюу 60мг/кг-аас бага гарсан байна. Мөн лабораторийн шинжилгээгээр аюулгүй байдлын гол үзүүлэлт пестицидийн үлдэгдэл зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтрээгүй дүн гарлаа хэмээн МХЕГ-аас мэдээлэв.