Хятадын засгийн газар хүүхдүүдийн онлайн тоглоом тоглох хугацааг долоо хоногт гурван цаг байхаар хязгаарлах арга хэмжээ авлаа. Есдүгээр сарын 1-нээс эхлэн тус улсын хүүхэд багачууд баасан гараг болоод баяр, амралтын өдрүүдийн оройн 8-аас 9 цаг хүртэл компьютер, гар утсаараа онлайн орчинд тоглоом тоглох эрхтэй болж байна. Ингэснээр долоо хоногт тоглох хугацаа дээд тал нь гурван цаг болж хязгаарлагдаж байгаа юм. Саяхан Хятад улсын төрийн төв хэвлэлд онлайн тоглоомын салбарыг “Оюун санааны хар тамхи” үйлдвэрлэгч хэмээн шүүмжилж байсан юм. Энэхүү шүүмжлэлийн дараа Tencent компани хүүхдүүдийн тоглох хугацааг өдөрт нэг цаг, баяр, амралтын өдрүүдэд хоёр цаг болгон хязгаарлах арга хэмжээг өөрийн зүгээс авч хэрэгжүүлсэн байна. Мөн 12 хүртэлх насныханд тоглоом дотроос виртуал эд зүйлс худалдаж авахыг хориглож байна. Өнгөрсөн онд Алибаба компаниас эхэлсэн зохицуулалт, хяналт шалгалт Хятад улсын технологийн салбарт ийнхүү үргэлжилж байна.
Эх сурвалж: CNN