Боловсролын зээлийн сантай холбоотой мэдээллийг тус сангийн удирдлагууд өнөөдөр танилцууллаа. Боловсролын зээлийн сангийн захирал Ж.Ариунболд хэлэхдээ Монгол улсад 1996-2016 он хүртэл “Оюутны хөгжлийн зээл” нь хөнгөлөлттэй зээл нэртэйгээр оюутнуудад олгогддог байсан. Өөрөөр хэлбэл, дотоодын их, дээд сургуулиудад суралцаж буй оюутнууд дипломоо боловсролын зээлийн санд өгөөд зээл авдаг байсан. Харин гадаад зээл нь үл хөдлөх хөрөнгө барьцаанд тавьж зээл авдаг байсан юм. 1996-2016 оны хооронд боловсролын зээлийн сангаас 40 гаруй тэрбум төгрөгийг 30 мянга орчимд оюутны хөнгөлөлттэй зээл олгосон. Одоо тус санд дотоодын их, дээд сургууль төгссөн сурагчдын 13,650 ширхэг диплом байгаа тул энэ хүмүүс дипломоо авахыг уриалж байна. Харин оюутны хөгжлийн зээлийн тухайд 2021-2022 оны хичээлийн жилд оюутны хөгжлийн зээлийн санхүүжилт болох 7.2 тэрбум төгрөгийг дунджаар 4,800 оюутанд олгох боломжтой. Оюутны хөгжлийн зээлийг улирал тутмаар олгодог. Өөрөөр хэлбэл, хичээлийн жилийн нэг улирлын дундаж төлбөр 1.5 сая төгрөг гэж тооцвол 4,800 оюутанд зээл олгох урьдчилсан тооцоолол бий" гэлээ.