Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЭУ-аас Монгол улсад суугаа элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа. Хоёр улс цар тахлын үед идэвхтэй хамтран ажиллаж, бие биенээ харилцан дэмжиж ирснийг талууд онцлов. БНЭУ-аас цар тахлын эмчилгээнд ашиглах ремдесивир эмийн 100 мянган тун тарилгыг 2021 оны наймдугаар сарын 30-ны өдөр Монгол улс хүлээн авсан нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад чухал хувь нэмэртэйг тэмдэглэлээ.Хоёр улсын стратегийн түншлэлийн бэлгэ тэмдэг болсон газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлэх чиглэлээр үргэлжлүүлэн идэвх чармайлттай ажиллах нь зүйтэй гэдэг тал дээр санал нэгдсэн байна.Уулзалтын үеэр хоёр улсын хооронд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, энэ хүрээнд БНЭУ-д коксжих нүүрс экспортлох туршилтын тээвэрлэлтийг эхлүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар санал солилцлоо.