Цахим орчинд улс хоорондын хилээр эм нууж нэвтрүүлэхийг завдсан иргэний бичлэг тархаад байгаа билээ. Үүнтэй холбогдуулан гаалийн ерөнхий газраас хувийн хэрэглээний эмийг улсын хилээр нэвтрүүлэхэд анхаарах зүйлсийн талаар мэдээлэл өглөө. Зорчигч өөрийн хэрэгцээнд зориулан улс хоорондын үйлчилгээний төмөр зам, автобус, хөлөг онгоц, нисэх онгоц болон хувийн тээврийн хэрэгслээр авч яваа эмийг "Зорчигчийн хувийн хэрэглээний эм" гэдэг. Зорчигчийн хувийн хэрэгцээний эмийг импортын бараа гэж үзэхгүй бөгөөд ямар нэгэн тусгай зөвшөөрөл, лиценз шаардахгүй. Мөн хувийн хэрэглээний эмд яаралтай тусламжийн эм болон удаан хугацаагаар нөхөх эмчилгээ шаардах өвчтэй хүмүүсийн хэрэглэдэг зайлшгүй шаардлагатай эм багтах бөгөөд эмийн тоо хэмжээг эмнэлгийн байгууллагын магадалгааг үндэслэн хилээр нэвтрүүлнэ. Харин судсаар сэлбэх шингэн, антибиотик тариа, мансууруулах сэтгэцэд нөлөөт эм, цусны бэлдмэл сийвэн орлох эм, нийтлэх дархлаажуулалтад хэрэглэх эм бэлдмэлийг хувийн зориулалтаар нэвтрүүлэхийг хориглодог юм.