ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг улаанбаатар цэргийн хүрээний зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч нартай цахимаар холбогдож, цаг үеийн асуудлаар үүрэг, чиглэл өгчээ. Энэ үеэр бүх шатны албан тушаалтнуудыг албан ажилдаа ирэх, буцахдаа хувийн автомашинаар зорчихыг хязгаарлах тухай мэдэгдсэн байна. Мөн бүх нэгтгэл, ангийн захирагч нарын албаны машинд байршил тодорхойлогч төхөөрөмжийг тогтмол ажиллуулах, нэн шаардлагатай ажлаас бусад илүү хөдөлгөөнийг хязгаарлах ёстой гэдгийг онцолжээ.
Түүнчлэн дараах үүрэг, чиглэлүүдийг өгсөн байна. Үүнд:
- 2021-2022 оны шинэ сургуулийн жилд сургалтын хөтөлбөрийг өөрийн нэгтгэл, ангийн гүйцэтгэх үүрэг, боломж, онцлогийг харгалзан боловсруулах нь хамгаас чухал. Цаашид бид түвшин тогтоох шалгалтыг тухайн нэгтгэл, анги, салбарын гүйцэтгэх үүрэг, түүний онцлогт нь тохируулсан хэлбэрээр явуулахад анхаарч ажиллана;
- Цэрэг халах, татах ажлын бэлтгэлийг маш сайн ханга. Холбогдох удирдлагын баримт бичгүүд, албан тушаалтны тушаалын дагуу олон тооны гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчид хариуцсан захирагч, дарга нарынхаа удирдлага, хяналтын дор намрын ургац хураалтын ажилд дэмжлэг үзүүлж байна. Тэднийг 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэгтгэл, ангийн байрлалд ирүүлж, халдвар хамгааллаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэх хэрэгтэй. Тиймээс нэг ч цэргийн алба хаагч коронавирусийн халдвартай байж таарахгүй. Цаашид цэрэг халах, татах ажилтай уялдуулан нэгтгэл, ангийнхаа үүрэг гүйцэтгэх боломж, аюулгүй байдлаа сайтар тооцох нь зүйтэй;
- Зэвсэгт хүчний 2021-2022 оны сургуулийн жилийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөг боловсруулж байна. Иймд өөрийн нэгтгэл, ангийн онцлогт тохирсон төлөвлөлтийн баримт бичгүүдийг боловсруулах, цаашид цар тахлын нөхцөлд нэгдсэн арга хэмжээг хэрхэн зохион байгуулж явуулах талаарх санал, дүгнэлтээ ирүүл;
- Цэргийн алба хаагчид, ажилтнуудынхаа эрүүл мэндийн байдалд байнгын хяналт, анхаарал халамж тавих ажил нэн шаардлагатай байна. Эрүүл мэндийн хувьд асуудал, хүндрэл багагүй бий. Та бүхэн итгэл хүлээсэн албан тушаалтнууд шүү. Иймээс бодит байдалд зөв дүгнэлт хийж, өөрсдөө биеэрээ үлгэрлэх хэрэгтэй.