Оны эхний есөн сард гадаад худалдааны тэнцэл 1.3 тэрбум ам.долларын ашигтай гарсныг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.
Тайлант хугацаанд экспорт 6.4 тэрбум ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 24.4 хувиар өссөн байна. Харин импорт 30.5 хувиар өсөж, 5.1 тэрбум ам.доллар болжээ. Нийт экспортын барааны 87.8 хувийг эрдэс бүтээгдэхүүний экспорт бүрдүүлсэн байна.
Экспортын биет хэмжээний хувьд чулуун нүүрс хамгийн их хэмжээгээр гаргажээ. Оны эхний есөн сард 12 сая тонн чулуун нүүрс экспортолсон байна. Хэдий тийм боловч энэ нь 2019 болон 2020 оны үзүүлэлтээс буурсан дүн болж байгаа юм. 2020 оны мөн үеэс чулуун нүүрсний экспорт 39.5 хувиар буурчээ. Түүнчлэн зэсийн баяжмал болон төмрийн хүдрийн экспортын биет хэмжээ мөн өмнөх оноос өсөлтгүй гарсан байна. Харин боловсруулаагүй нефтийн хэмжээ жилийн дүнгээр 55.8 хувиар өсөж, 3.7 сая баррель болсон байна.
Экспортыг үнийн дүнгээр нь харвал зэсийн баяжмалын экспорт 2.3 тэрбум ам.доллар болж, нийт экспортын 36 хувийг бүрдүүлжээ. Оны эхний гурван улиралд эрдэс бүтээгдэхүүний экспортын биет хэмжээ буурсан ч олон улсын зах зээлд түүхий эдийн үнэ өндөр байгаатай холбоотойгоор экспорт өсөлттэй гарчээ. Нүүрс тээврийн автомашины жолооч нараас “коронавирус”-ийн халдвар илэрсэн зэрэг цар тахлын нөхцөл байдлын улмаас нүүрсний тээвэр III улиралд их хэмжээгээр тасалдсан юм. Гэхдээ Гашуунсухайт боомт дахь чингэлэг тээврийн терминалыг ашиглалтад оруулсан, мөн нүүрсний үнэ тогтвортой байх үеийг ашиглан ирэх онд боломжит дээд хэмжээгээр буюу 36.7 сая тонн нүүрс экспортлохыг Засгийн газар зорьж байна.