Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цахимаар удирдан зохион байгууллаа.
Нутгийн захиргааны байгууллагын албан хаагч, ажилтнууд Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд амжилттай ажиллав
44 дэх долоо хоногт нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын нөхцөл байдал ямар түвшинд байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж танилцуулсан. Эл долоо хоногт халдварын тоо өмнөх долоо хоногоос буурч, өдрийн дундаж 1911 байжээ. Эмчлүүлэгчдийн тоо, хүндэвтэр хүмүүсийн тоо буурсан хэдий ч нэн хүнд хүний тоо нэмэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн байгууллагууд, УБЗАА-наас нэмэлт III тунд онцгойлон анхаарчээ. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас вакцины нэмэлт тунгийн үйлчлэлийн талаарх мэдээллийг дэлхий нийтийн хэмжээнд өгсөн гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга онцлов. ДЭМБ-ын зүгээс 5-11 насны хүүхдийг том хүний 1/3 тунгаар тарьж болно гэсэн мэдээлэл түгээсэн байна. Мөн дельта хувилбарыг даван туулахын тулд нэмэлт тунг эрчимжүүлж, вакцинтай иргэдээ хамгаалах, 11-17 насны хүүхдүүдийн вакцинжуулалтыг судлах, амны хаалтны хэрэглээг заншил болгох, хичээл сургуулийг эхлүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх бодлогыг улс орнуудад санал болгож байгаа юм.
Нийслэл хотын зургаан дүүргийн хэмжээнд явуулын 40 баг, суурин 39 цэгт вакцинжуулалт хийсэн хэвээр байгаа юм. Нийслэлийн нийт хүн амын 74.7 хувь нь нэгдүгээр тунд, 71 хувь нь хоёрдугаар тунд , нийт хүн амын 15.7 хувь, зорилтот бүлгийн 21.8 хувь нь нэмэлт тунд хамрагдаад байгаа юм. Тиймээс нэмэлт гуравдугаар тунд эрчимтэй хамрагдах шаардлагатай байгааг нийслэлчүүддээ уриаллаа. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагч, ажилтнууд Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажилласан. Тэдгээр ажилтнууд маш идэвхтэй ажиллаж, эмч нарт ихээхэн дэмтэй байсныг Эрүүл мэндийн газрын дарга тодотгоод, тэдгээр хүмүүст талархал илэрхийллээ. Түүнчлэн сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэдэд туслах тусгай аппликэйшн ажиллуулж эхэлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт найман тоглолт, хоёр тэмцээн зохион байгуулагджээ
Арваннэгдүгээр сарын 1-нээс соёл, урлаг, спортын байгууллагууд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Ингэхдээ 50 хувийн дүүргэлттэй байхаар журамд заасан. Журмын хэрэгжилтийн талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун танилцууллаа. Өнгөрсөн долоо хоногт Соёлын төв өргөө, Улсын филармони, УДЭТ, УДБЭТ гэхчлэн газруудад найман тоглолт зохион байгуулагджээ. Мөн нийслэлийн хэмжээнд спортын хоёр тэмцээн уралдаан зохион байгуулагдсан байна. Соёл, урлаг, спортын байгууллагуудад хяналт шалгалт хийхээсээ илүү зөвлөн туслахад анхаарч байгаагаа Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга онцоллоо. Түүнчлэн тус байгууллагаас өнгөрсөн долоо хоногт барилга байгууламжийн чиглэлээр хэд хэдэн шалгалт хийж, Зайсан, Замын цагдаагийн гүүрэн байгууламжийн ойролцоо барилга барьж буй компаниудыг шалгаж, тусгай зөвшөөрөлгүйг нь хааж, зөрчил гаргасанд нь торгуулийн арга хэмжээ авч, ноцтой зөрчлийг прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл 80-94 хувьтай байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн зүгээс өвөлжилтийн бэлтгэлд онцгойлон анхаарахыг үүрэг болгосон. Энэ дагуу мэргэжлийн байгууллагууд дараах мэдээллийг өглөө.
Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Улаанбаатар хотын хэмжээнд тусгай зориулалтын бодис 2000 тонн, давс 500 гаруй тонныг нөөцлөөд байна. Тусгай бодис дахин 2000 орчим тонныг татан авна. Өнгөрсөн оны өвөл хотын хэмжээнд 440 тонн давс хэрэглэж байсан. Тэгэхээр энэ оны нөөцлөлт хангалттай гэж үзэж байна. Хот, нийтийн аж ахуйн байгууллагууд цас орж, халтиргаа үүсэх үед хүндрэл үүсгэхгүйн тулд анхааран ажиллаж байгаа” гэлээ.
Өвөлжилтийн бэлтгэлд дүүргүүд хэрхэн анхаарч байгааг Хотын дарга тодруулав. Баянзүрх дүүрэг сайжруулсан шахмал түлшний хүрэлцээ хангамжид анхаарч байгаа бол Сонгинохайрхан дүүргийн өвөлжилтийн бэлтгэл 80 гаруй хувьтай байгаа аж. Баянгол дүүрэгт 32 цэгээр сайжруулсан түлш түгээж буй бөгөөд ойрын хугацаанд 10 цэг нэмэхээр ажиллаж буй юм байна. Чингэлтэй дүүргийн хувьд Ажлын хэсэг байгуулан, өвөлжилтийн бэлтгэл хангажээ. Сүхбаатар дүүрэгт өвөлжилтийн бэлтгэл 97 хувьтай, сайжруулсан түлшний 73 цэг ажиллаж байна. Налайх дүүргийн тухайд тулгамдсан асуудал цөөнгүй байгааг дүүргийн Засаг дарга онцолж байлаа. Энэ жилээс Налайх дүүрэгт сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах ажил хойшлогдсонтой холбоотойгоор иргэд бухимдуу байгаа гэнэ. Харин Багахангай дүүргийн өвөлжилтийн бэлтгэлийн 94 хувь нь биелжээ.
Тээвэр ложистикоос үүдэлтэйгээр бүтээн байгуулалтын ажлууд удааширч мэдэхээр байгааг анхааруулав
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүрэг өгөв. Тэрбээр “Ковид-19”-ийн цар тархалтыг бууруулах эрчимжүүлсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг сайтар хангаж, иргэд болон албан хаагчдаа дархлаажуулалтын нэмэлт тунд идэвхтэй хамрагдахыг уриалах хэрэгтэй байна. Нэмэлт тунд хүн амын 50 хувийг хамруулчихвал бид шар бүс рүү шилжинэ. Аль болох хурдан хугацаанд шар бүсэд орж, амьдралын хэвийн хэмнэлдээ ороход анхаармаар байна.
Шинэ сэргэлтийн бодлого буюу цар тахлын дараах эдийн засгийг эрчимжүүлэх хуулийг боловсруулж байгаа. Энэхүү хууль гарснаар улс орон төдийгүй дүүрэг, орон нутагт ч ажил урагшлахын эхлэл байх юм. Тиймээс бүх алба, агентлагийн удирдлагууд үүнд анхаараарай. Нөгөөтээгүүр 2022 онд Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажлууд тээвэр ложистикийн саатал бэрхшээлээс үүдэн удааширч мэдэхээр байна. Үүнийг нарийвчлан судалж, төсвийн төсөлдөө тусгаарай” гэсэн юм.
Мөн ирэх долоо хоногт дараах чиглэлд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
-“Хариуцлагын гэрээ” байгуулан үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, зөрчил гаргасан аж ахуйн нэгж, байгууллагуудад холбогдох хууль, журмын дагуу хариуцлага тооцох.
-Соёл, урлаг, спортын байгууллагууд 50 хувийн дүүргэлттэйгээр ажиллаж буй эсэхэд хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдүүлж ажиллах.
-Төсвийн сахилга батыг сайжруулж, байгууллагын үргүй зардлыг багасгаж, төсвийн орлогыг нэр төрлөөр нь ханган бүрдүүлэх ажлаа эрчимжүүлэх.
-Өвөлжилтийн хугацаанд инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, машин механизм, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдал болон бодис, давсны нөөцийг сайтар бүрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах.
-Сайжруулсан шахмал түлшний нөөц, түгээлт, тээвэрлэлт цаг хугацаандаа тасалдалгүй явах ёстой гэлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС