"Парис-2022" жүдо бөхийн 2022 оны анхны Их дуулга тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн +100 кг жинд "Хилчин" спорт хороо, МИАТ компаний тамирчин ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл аваргын алтан медаль хүртлээ. ОУХМ О.Цэцэнцэнгэл аваргын төлөө “Баку-2018” ДАШТ-ий мөнгөн медальт Азербайжаны Ушанги Кокауритай барилдаж, түүнийг цэвэр ялсан юм. Тэрээр эхний даваанд Францын Херманн Джигуйбаг 3:19 минутад цэвэр, Хэсгийн аваргын төлөө Финландын Мартти Пуумалайненг 3:40 минутад цэвэр ялсан. Улмаар хагас шигшээд 2021 оны дэлхийн аварга Японы Кокоро Кагэүраг торгуулиар ялж, хоёр дахь удаагаа Гранд Слам ангилалд аваргын төлөө шалгарсан юм.
Энэ удаагийн Парисын Их дуулгаас Монголын баг тамирчид 2 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилтаар Япон, Францын шигшээ багуудын араас 3 дугаар байрт шалгарлаа.