Цар тахлын улмаас хоёр жилийн өмнө хилээ хаасан Австрали улс вакцины бүрэн тундаа хамрагдсан хүмүүсийг хилээр нэвтрүүлэхээр боллоо. Тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон хоёрдугаар сарын 21-ний өдөр энэхүү хилийн шинэ журам мөрдөгдөж эхэлнэ гэв.
"Австралид ирэхийн өмнө та бүхэн вакцинд хоёр удаа хамрагдсан байх шаардлагатай. Энэ журмыг хүн болгон мөрдөх ёстой" гэжээ.
Дотоод хэргийн сайд Карен Эндрюс вакцин хийлгээгүй хүмүүс Австралид ирэхийн тулд тусгай өргөдөл гаргах шаардлагатай бөгөөд хэрвээ нэвтрэх зөвшөөрөл олговол зочид буудалд тусгаарлагдана гэжээ. Хэдийгээр Австрали руу нэвтрэх визтэй ч вакцины бүрэн тундаа хамрагдаагүй эсвэл эрүүл мэндийн шалтгаанаар вакцин хийлгээгүй бол тус улсын хилээр нэвтрэх боломжгүй юм байна.
Австралийн Засгийн газар 2020 оны гуравдугаар сараас хойш өөрийн иргэдээс бусад улсын иргэдэд хилээ хаагаад байв. Тус улс аажмаар Шинэ Зеланд, Япон, Өмнөд Солонгос зэрэг орнуудын иргэдийг хүлээн авах болсон юм.
Эх сурвалж: ВВС