"Хөх сувд-2022" мөсний баяр өнөөдөр /2022.03.03/эхэлж буй. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг энэ баяр цар тахлын улмаас хоёр жил өнжсөн. "Хөх сувд" нь гадаад, дотоодын олон аялагчдын сонирхлыг татдаг Монголын аялал жуулчлалын салбарын хамгийн том арга хэмжээ гэж хэлж болно. Сүүлийн жилүүдэд мөсний баярт сонирхон оролцогч гадаад, дотоодын жуулчдын тоо эрс нэмэгдэж, 15 мянга хүртэлх хүнийг оролцож байв.
Мөсний баярыг үзэж сонирхохоор ирсэн автомашинуудаас хураамж авч орлогыг орчны хог хаягдал цэвэрлэх, аюулгүй байдал болон бэлтгэл зохион байгуулалтын хангах зориулалтаар зарцуулна гэдгийг Мөсний баярыг зохион байгуулах комисс мэдээллээ. Тодруулбал суудлын жижиг тэрэг 20, дунд оврын автомашин 30, хүн тээврийн автобусаас 40 мянган төгрөгийн хураамж авах гэнэ.
Энэ жилийн хувьд 20 жилийн ой тохиож байгаагаараа онцлог юм. Тодруулбал, 2014 онд Хөвсгөл нуурын мөс баяр зохион байгуулах хэмжээнд хүрээгүй нимгэн байсан бол 2020, 2021 онд цар тахлын улмаас зохион байгуулаагүй. Энэ жил мөсөн урланг иргэдэд сонирхуулахаар 80 орчим уран бүтээлч ажилласан байна.
Анх 2000 онд “Далай ээж” хэмээн хүндлэн нэрлэдэг Хөвсгөл нуурыг хамгаалах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Д.Лхагвацогт, Ж.Төмөрсүх нарын санаачилгаар “Сантын өвөр” гэдэг газар мөсний баяр хийж, 10 орчим чаргатай морины уралдаанд нутгийн иргэд оролцож байжээ.
Харин дараа жилээс нь буюу 2001 оноос мөсний баярын хүрээ тэлсээр өнөөдрийг хүртэл уламжлал болгон тэмдэглэж, Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгэн чухал ажил болж өргөжин хөгжиж байгаа юм. Мөсний баярын үеэр мөсөн шагайн тэмцээн, унадаг дугуй, тэшүүрийн тэмцээн, мото спортын үзүүлэх тоглолт, нохой чарганы уралдаан, мөсөн дээрх олс таталт, буухиа тэмцээн, “Аав, ээж би” тэмцээн, тахтай хатирах морьдын уралдаан, аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчдийн урлагийн тоглолт, бөөгийн тахилга, зан үйл зэрэг үйл ажиллагаа тогтмол болдог уламжлалтай.