Мэргэжлийн боксын домогт тамирчин Майк Тайсон онгоцонд нэгэн зорчигчийг зодсон хэрэг гарчээ. “JetBlue” авиа компанийн онгоц Сан Францискогоос Майами руу нисэх гэж байсан бөгөөд “TMZ Sports”-ын ил болгосон бичлэгээс харахад зодуулсан залуу өөрөө эхэлж, Майк Тайсоныг өдсөн аж.
Дээрх хэргийн талаар Тайсоны төлөөлөгч ярихдаа “Харамсалтай нь, ноён Тайсон нислэгийн үеэр нэгэн түрэмгий зорчигчтой зөрчилдөөн үүсгэсэн. Тайсоныг суудал дээрээ сууж байхад тэр залуу түүнийг өдөж, усны сав шидэж эхэлсэн” гэжээ.
Хачирхалтай нь, холбооны нисэхийн агентлагт энэхүү болсон хэргийн талаар ямар ч мэдээлэл ирээгүй аж. Тус агентлагийн мэдэгдэлд “Өчигдөр “JetBlue”-гийн онгоцонд зорчигчдын хооронд зөрчил үүссэн гэх мэдээлэл ирээгүй байна” гэв.
Майк Тайсоны хувьд Сан Францискод “420 Cannibas” фестивальд оролцоод буцаж байсан аж. Өнгөрсөн сард тэрбээр өөрийн “Tyson 2.0” брэндийн “Mike Bites” чихэн хэлбэртэй каннибасыг худалдаанд гаргасан билээ.