Өргөтгөсөн хуралдааны үеэр төлөөлөгчид “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийн төсөл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэгт Улаанбаатар хотыг эдийн засгийн хувьд бие даасан статустай болгох, дагуул хотуудыг үе шаттай хөгжүүлэхээр тусгах, мөн боловсролын салбарт түлхүү хөрөнгө оруулалт хийх ёстой зэрэг санал хэлж байлаа. Тухайлбал, Хүний хөгжлийн хорооны дарга, төлөөлөгч П.Наранбаяр боловсролын салбарын хүртээмжийг нэмэх асуудлыг сайтар тусгаж өгсөн ч боловсон хүчин мэргэжилтнүүдийнхээ орлогыг дэмжих тал дээр нийслэл өөрөө бодлоготой байх ёстой гэх санал хэлсэн. Харин Зам тээвэр, хөдөлгөөн зохицуулалтын хорооны дарга, төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар гэр хорооллын дундах авто замыг шинэчлэн сайжруулж, шинээр ашиглалтад оруулан түгжрэлийг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой гэсэн юм. Өөрөөр хэлбэл, төв замын ачааллыг бууруулж, туслах замуудыг сайжруулах нь зүйтэй гэж онцолсон.
Харин нийслэлийн 2021 оны төсөвт Ковид-19 цар тахалтай холбоотойгоор нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулахад шаардагдах хөрөнгийг тусад нь суулгаж өгөх ёстой. Аж ахуй нэгж, иргэдийг хямралаас гаргахын тулд тодорхой төлөвлөгөө гаргах ажиллах хэрэгтэй байна. Тухайлбал, Улаанбаатар хотын аялал жуулчлалаас олдог орлого 2020 онд зогссонтой холбоотойгоор Ковид-19 цар тахлын үед болон, дараа хэрэгжүүлэх аялал жуулчлалын төлөвлөгөө гаргах ёстой гэх саналыг төлөөлөгчид хороодын өргөтгөсөн хурлын үеэр хэлж байсан юм.