Онцгой байдлын ерөнхий газраас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газартай хамтран бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 01-30-ны өдрүүдэд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн, амны хаалт, гар ариутгагч бодис борлуулагч аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.
Шалгалтад нийт 930 гаруй аж ахуйн нэгж, байгууллагыг хамруулахад гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болон эм, эмийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагуудын үйл ажиллагаа тогтворжиж, бараа үйлчилгээний үнийн өсөлт хэвийн байна.
Гамшгаас хамгаалах тухай хууль, Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг хангах, халдвар хамгааллын дэглэмийг мөрдлөг болгох, бараа, бүтээгдэхүүний үнийн дүнг иргэдэд ил болгох мөн бусад зөрчлийг арилгуулах тухай Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн Заавал биелүүлэх албан шаардлагыг хяналт шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлэн хяналт тавин ажиллалаа.
Мөн Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан хуулийн этгээд, иргэний үүргээ биелүүлж ажиллаагүй хоёр аж, ахуйн нэгж, байгууллага, гурван иргэнд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авч, зөрчлийн хэрэг нээн, материалыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр прокурорын хяналтад өгч ажилласан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.