Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө Агаарын бохирдлыг 80 хүртэл бууруулах томоохон зорилтыг тусгасан. Энэ хүрээнд өнөөдөр сайжруулсан шахмал түлшний Зүүн бүсийн үйлдвэрийг ашиглалтад оруулж, үйл ажиллагааг албан ёсоор эхлүүллээ. Нийслэлийн Налайх дүүрэгт баригдсан тус үйлдвэр жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Ингэснээр Улаанбаатар хотын гэр хорооллын 220 мянга өрх, айлыг шахмал түлшээр бүрэн хангах боломж бүрдэж байна.
Монгол Улсын Засгийн газар Тавантолгой түлш компанийн сайжруулсан шахмал түлшний Зүүн бүсийн үйлдвэр барих шийдвэрийг 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр гаргаж, тавдугаар сард барилгын ажлыг эхлүүлсэн юм. Зүүн бүсийн үйлдвэр нь 1, 2 -р үйлдвэр, Дахин боловсруулах үйлдвэрээс бүрдэх бөгөөд БНСУ-ын Jeil machinery Co.,LTD компанийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий зургаан шугамтай. Шугам тус бүр нь цагт 30 тонн, жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай юм.
Үйлдвэрийн түүхий эд хүлээн авах, бутлах, шигших үйл явц нь газар доорх байгууламжид хийгддэг. Түүхий эдийг нунтаг болгох ажиллагаа нь хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байхаар төлөвлөгдсөнөөрөө өмнөх үйлдвэрээсээ давуу талтай болжээ. Мөн сайжруулсан түлшээ үйлдвэрлэх хатаах галлагааны зуухаар биш хийн түлш-ээр шатааж, уур үйлдвэрлэн шийдсэн нь маш том дэвшил болсон байна. Цаашид үйлдвэрийн хэтийн автоматжуулалтыг бүрэн шийдэх зорилгоор өндөр хурдны 100 Mbps хурдтай 13,7 км урттай шилэн кабель татаж, үйлдвэрийн бүсийн обьектуудыг холбожээ.
Зүүн бүсийн үйлдвэрийн түүхий эдийг Тавантолгой ордоос төмөр замаар татах бөгөөд үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнийг ч төмөр замаар Улаанбаатар хотруу тээвэрлэх юм. Төв аймгийн Баянзөрлөгийн өртөөнөөс үйлдвэр хүртэл нийт 8,4 км төмөр замыг барьж байна. Барилга угсралтын ажил 70 хувьд хүрчээ.
Үйлдвэрийн барилга нь газар доорх болон дээрх хэсгээс бүрдэнэ. нийт 22 метр өндөр буюу 7 давхар барилгатай дүйцэхүйц юм. Зүүн бүсийн үйлдвэрийн ногоон бүсэд үйлдвэрийн инженерийн корпус /оффис/ 150 хүн хүлээн авах зоогийн газар, 300 ажилчдын амрах байрны 2 блок, ажилчдын хувцас солих, усанд орох байр, авто машины зогсоол, дулааны зуухны барилга байгууламжууд байрлаж байна.
Үйлдвэр одоогоор 256 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллахад 1100 гаруй хүн ажлын байраар хангагдах юм.