Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг шинэчлэн баталсан. Уг хуульд заасны дагуу нээлттэй сонгон шалгаруулалтад нэр дэвшиж, хамгийн өндөр оноо авсан Хүрэлбаатарын Мөнхзул, Дугарын Сүнжид, Жаргалсайханы Хунан, Ганбатын Нарантуяа, Батзэвэгийн Энхболд нарыг УИХ-ын 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр томилсон билээ.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд Комиссын гишүүн нь Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргөнө гэж заасны дагуу өнөөдөр (2020.12.28) Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгууллаа.
Комиссын гишүүдийг Монгол Улсын Үндсэн хуульд тангараг өргүүлэх ёслолын ажиллагааг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт удирдан явуулав.
Томилогдсон гишүүд “Би Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, Монгол Улсын хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг дэмжих, хамгаалах үүргээ чин шударгаар биелүүлэхээ батлан тангараглая.” хэмээн тангараг өргөөд, Тангаргийн хуудсанд гарын үсэг зурлаа.
Тангараг өргөсөн гишүүдэд Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт баяр хүргээд, өргөсөн тангарагтаа чин үнэнч байж, төрийнхөө хууль тогтоомжийг ёсчлон биелүүлж, хүний эрхийг хангах, хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлсэн үгэндээ, “УИХ-аас Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийг 20 жилийн дараа шинэчилж, олон чухал өөрчлөлтийг хийсний нэг нь Комиссын гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулж, томилох зохицуулалт юм. Хууль зүйн байнгын хорооноос сонгон шалгаруулалтыг нийт 7 үе шаттайгаар зохион байгуулсан. Сонгон шалгаруулалтын бүх үйл явц олон нийтэд нээлттэй байсан. Дэлхий нийт болон Монгол Улсад гараад байгаа коронавируст цар тахлын амаргүй цаг үед та бүхэн ажлаа хүлээн авч байна.
УИХ өөрийн эрх хэмжээг хязгаарлаж, анх удаа нээлттэйгээр хараат бусаар комиссын гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо. Ийм хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлд эрс өөрчлөлт, шинэчлэл хийгээрэй гэж хүсэх байна. Олны итгэлийг дааж, хариуцлагатай ажиллаарай. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулиар та бүхэнд өргөн эрх, боломжийг нээж өгсөн. Хараат бусаар ажиллах нөхцөл бий болсон. Хуулийн хэрэгжилт ямар байх нь та бүхний ажлын үр дүнгээс шууд хамаарна.” гэв.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Комиссын гишүүд нь,
- Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой аливаа асуудлаар санал, зөвлөмж гаргаж, эрх бүхий байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд хүргүүлэх;хууль тогтоомж, захиргааны байгууллагын шийдвэрийн төсөл Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, хүний эрхийн үндсэн зарчимд нийцэж байгаа эсэх талаар санал гаргах;
- хүний эрхийн талаарх олон улсын гэрээнд нэгдэн орох, соёрхон батлах эсэх талаар санал хүргүүлэх, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Зөвлөл болон гэрээний хороодод мэдээлэл хүргүүлэх;
- хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбогдсон хууль тогтоомжийг боловсронгуй болгох тухай саналаа хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах;
- хүний эрхийн боловсролыг дэмжих, түгээх;
- хүний эрх, эрх чөлөөг хамгаалах;
- хүний эрхийн асуудлаар төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага, хуулийн этгээд болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах;
- шаардлагатай асуудлаар эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, ашгийн төлөө бус хуулийн этгээдээр судалгаа хийлгэх, тухайлсан асуудлаар мэргэшсэн шинжээч томилж, дүгнэлт гаргуулах;
- жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
- төрийн байгууллага, албан тушаалтан хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх үүргийн хэрэгжилтэд энэ хууль болон бусад хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хяналт тавих;
- Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл боловсруулж, Улсын Их Хуралд хүргүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.