Монгол Улсын Засгийн газрын энэ оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаар тогтоол, мөн сарын 22-ны өдрийн нийслэлийн Засаг даргын А/1320 тоот “Бүх нийтийн бэлэн байдал”-ын зэрэгт 12 дугаар сарын 23-ны өдрийн 06:00 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06:00 цаг хүртэлх хугацаанд шилжүүлэх тухай захирамж гарсан. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаал гарснаар Улаанбаатар хүрээний цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллаж байна. Тээврийн цагдаагийн албанаас иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавих, хязгаарлалт тогтоох чиг үүргийн дагуу удирдлага зохион байгуулалтын ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар тус албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболдоос тодрууллаа.
Нийслэлийн хэмжээнд 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06 цагаас эхлэн хатуу хөл хорио тогтоон ажиллахад танай албаны чиг үүргийн хүрээнд нөхцөл байдал ямар байна вэ?
Тээврийн цагдаагийн албаны тухайд нийслэл хотын доторх болон нийслэл хотоос орох, гарах шалган нэвтрүүлэх товчоодод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах, хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт тавин ажиллаж байна. Алба хаагчид өглөө, өдөр, шөнийн гэсэн гурван ээлжээр 24 цагийн туршид гудамж замын хөдөлгөөнд хяналт тавьж, хязгаарлалт хийн ажиллаж байна.
“Бүх нийтийн бэлэн байдал”-д шилжсэн сүүлийн долоо хоногийн хугацаанд хязгаарлалттай холбоотойгоор хөдөлгөөний эрчим буурч, авто замын ачаалал 70 гаруй хувиар буурсан. Хөдөлгөөнд зөвхөн үйл ажиллагааг нь нийслэлийн Засаг даргын захирамжийн хавсралтад зөвшөөрсөн 15 салбарын ажилтан, албан хаагчдын QR тусгай зөвшөөрөл олгогдсон тээврийн хэрэгсэл оролцож байгааа. Үүнтэй холбоотойгоор тус албанд ирэх зам тээврийн ослын дуудлага мэдээлэл өнгөрсөн 2019 оны мөн үеийн 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад 61.5 хувиар, зам тээврийн ноцтой осол, хэргийн дуудлага 74.2 хувиар тус тус багассан байдалтай байна.
Энэ хугацаанд нийтлэг ямар зөрчил дутагдал гарч байна. Иргэд олон нийтдээ ямар сэрэмжлүүлэг хүргэх вэ?
Энэ удаад нийслэлд тогтоосон “Бүх нийтийн бэлэн байдал”-ын үед дийлэнх иргэд маш хариуцлагатайгаар хорио цээрийн дэглэмийг сахиж байна. Энэ нь үүрэг гүйцэтгэж байгаа мэргэжлийн байгууллагууд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж, хязгаарлалт тогтоон ажиллаж байгаа алба хаагчдын үйл ажиллагаанд дэм болж байна. Иргэд ийнхүү ухамсартай байгааг хараад манай алба хаагчид улам урам авч, гадаа цаг агаар хүйтэн, нөхцөл байдал хүнд ч иргэдийнхээ төлөө илүү хичээн ажиллахад түлхэц болж байгаа юм.
Гэтэл зарим иргэд өөрийн хувийн эрх ашиг, хүслээ тэргүүнд тавьж хорио цээрийн дэглэм, журмаа сахилгүй тээврийн хэрэгслээр шилжилт хөдөлгөөн хийх зэргээр өөрийгөө болон бусад иргэдийг эрсдэлд оруулж болзошгүй үйлдлийг гаргаж байгаад харамсаж байна. Тухайлбал: Өмнөх хязгаарлалтаар олгож байсан хүчингүй болсон QR тусгай зөвшөөрлийг автомашиндаа байршуулан хөдөлгөөнд оролцох, зөвшөөрөл олгогдсон хэдий ч хориглосон цагаар зорчих, бусдын автомашины тусгай зөвшөөрлийг ашиглах зэрэг зөрчил дутагдлыг гаргаж байгааг газар дээр нь илрүүлэн шалгаж байна.
Ингэж хорио цээрийн дэглэм зөрчин ашиглаж байгаа тусгай зөвшөөрлийн асуудлаар зарим иргэд эрүүгийн хариуцлага хүлээж байна. Иргэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлд заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэгт холбогдон эрүүгийн хариуцлага хүлээх эрсдэлтэй гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй. Мөн өөрт нь ажил үйлчилгээтэй нь холбогдуулан олгогдсон тусгай зөвшөөрлөө ашиглан автомашинаараа дэмий сэлгүүцэн өөр зорилгоор ашиглах, зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхлэн зорчигч тээвэрлэх зэрэг эрсдэлтэй үйл ажиллагаа явуулах зөрчил дутагдал гаргаж байгааг илрүүлэн ажиллаж байна.
Орон нутагт болон нийслэлд зорчиж байгаа иргэддээ хандаж ямар анхааруулгыг Тээврийн цагдаагийн албанаас хүргэх вэ?
Өнгөрч буй долоо хоногийн хугацаанд ноцтой зам тээврийн ослын улмаас 4 хүний амь нас хохирсон байна. Тухайлбал: энэ сарын 24-ний өдөр Дундговь аймагт мотоцикл барьж явсан 46 настай иргэн амиа алдсан. Мөн 2020-12-27-ны өдөр Баян-өлгий аймагт суудлын автомашин онхолдож 20 настай залуугийн амь нас хохирсон, мөн тухайн өдөр Төв аймагт мотоцикл онхолдож жолоодож явсан 65 настай иргэн амиа алдсан тохиолдол бүртгэгдэн шалгагдаж байна. Харин нийслэлд энэ сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Баянхошууны замд суудлын автомашин гудамжны гэрэлтүүлгийн шон мөргөж, жолоодож явсан 41 настай иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.
Иймд ноцтой зам тээврийн осол гарч байгаа үндсэн шалтгаан болох согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хурдаа зөв тохируулан халтиргаатай замаар анхаарал болгоомжтой бага хурдаар зорчих, жолооч гэлтгүй зорчигч нар ч гэсэн хамгаалах бүсийг тогтмол зүүх, шөнийн цагаар автомашиныхаа гаднах гэрэлтүүлэх хэрэгсэл бүрэн эсэхийг тогтмол шалгаж, бүрэн асааж байх, улирал цаг агаарын нөхцөлд тохирсон өвлийн тэмдэглэгээ, хээтэй дугуй ашиглах зэрэгт онцгой анхаарч хөдөлгөөнд оролцоорой гэж иргэддээ зөвлөж байна.
Хүйтний эрч хүч чангарч байна. Хатуу хөл хорионы хугацаанд зам тээврийн ослын нөхцөл байдал ямар байна вэ?
Энэ оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 12 дугаар сарын 14-ний өдрийн хугацаанд мөрдөгдсөн “Бүх нийтийн бэлэн байдал”-ын нөхцөл байдлыг өмнөх 2019 оны тухайн өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулан үзэхэд зам тээврийн ослын дуудлага мэдээлэл 2894 бүртгэгдэж өмнөх үеэс 64 хувиар, зам тээврийн гэмт хэрэг 73 гарч өмнөх үеэс 68 хувиар, хүний амь нас хохирсон тохиолдол 15 бүртгэгдэж өмнөх үеэс 60 хувиар, гэмтсэн хүн 71 бүртгэгдэж өмнөх үеэс 73 хувиар тус тус буурч байсан.
Харин хоёр дахь удаагийн “Бүх нийтийн бэлэн байдал”-д шилжсэн 12 дугаар сарын 23-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд 485 зам тээврийн ослын дуудлага бүртгэгдэж, 14 гэмт хэргийн улмаас 4 хүний амь нас хохирч, 8 хүн гэмтэж, согтуугаар автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон 151 зөрчлийг илрүүлж ажилласан. Гадаа хэдийгээр хүйтэн байгаа ч алба хаагчид маань хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, иргэдийн аюулгүй байдлыг хангах, цар тахлаас сэргийлэх хорио, цээрийн дэглэмийг мөрдүүлэх өндөр их хариуцлага хүлээж төрийнхөө сүлдэнд тангараг өргөсөн учраас бидэнд халшрах, няцах эрх байхгүй. Тиймээс бид та бүхнийхээ төлөө хүйтнийг үл ажран үүргээ нэр төртэй биелүүлэх болно. Харин иргэд та бүхэн минь хариуцлагатай байж амны хаалтаа зүүж, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмээ сахиж, орон гэртээ байхад анхаараарай.
Айлчлан ирж буй шинэ ондоо айл өрх бүр аз жаргал, эрүүл энх байж, замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ баримтлан, бусдадаа хүндэтгэлтэй хандаж, аюул эрсдэлгүй байх болтугай. Хөдөлгөөний аюулгүй байдлын төлөө хамтдаа хичээцгээе
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба