Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байрлах нийтийн байрнаас коронавируст /Ковид-19/ халдварын тохиолдол батлагдаж, голомтлон тархаж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан Онцгой комисс шуурхай хуралдаж, холбогдох арга хэмжээг зохион байгуулах Засаг даргын захирамж гаргалаа.
Тус захирамжаар 16 дугаар хорооны Бэлхийн 34 дүгээр гудамж болон тус хороотой хил залгаа 15 дугаар хорооны Дамбадаржаагийн 23 дугаар гудамж, 17 дугаар хорооны Дамбадаржаагийн 80 дугаар гудамж, 18 дугаар хорооны Бэлхийн 35 дугаар гудамжуудыг хамруулан 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 20.00 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06:00 цаг хүртэл хэсэгчилсэн хязгаарлалт тогтоогоод байна.
Дээрх хугацаанд хэсэгчилсэн хязгаарлалт бүхий гудамж, бүсийн иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хорьж, иргэдээс тандалт, шинжилгээ авахаар Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн Явуулын 6 баг ажиллаж эхэллээ.
Мөн дүүргийн 1 дүгээр хорооны 23 дугаар байранд батлагдсан тохиолдол гарсан тул тус байрыг хамгаалалтад авч, Эрүүл мэндийн төвийн Явуулын шинжилгээний 2 баг оршин суугчдаас шинжилгээ авч байна. Хязгаарлалтын бүс дэх нийт 204 өрхийн 592 иргэнийг тандалт, шинжилгээнд хамруулах юм гэж Сүхбаатар дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.