Манай сургалтын төв нь 2018 оноос албан ёсны үйл ажиллагаа эхлүүлсэн бөгөөд зөвхөн солонгос хэлний сургалтыг дагнан явуулаад 3 жилийн нүүрийг үзэж байна. Сургалтын төвийн давуу талаас дурдвал топикийн 6-р түвшинтэй, олон жилийн туршлагатай мэргэжлийн багштай, смарт дэлгэц бүхий тохилог анги танхим, суралцагчид чөлөөт цагаараа амрангаа ном уншиж болох уншлагын өрөө, хичээлийн болон топикийн шалгалтанд бэлтгэгсдэд зориулсан ном сурах бичиг, үлгэрийн болон зохиолын зэрэг олон ном бүхий номын сантай зэргийг дурдаж болно.
Солонгос хэлний сургалтын хувьд:
- Солонгос хэлний анхан, дунд, гүнзгий шат
- БНСУ-д гэрээгээр ажиллагсдад зориулсан сургалт
- Солонгос хэлний ТОПИК-н шалгалтанд бэлтгэгчдэд зориулсан сургалт гэсэн төрлүүдээр сургалт явуулж байна.
Өнөөгийн байдлаар нийт солонгос хэлний түвшин ахиулан сургалтанд хамрагдсан 220-иод, гэрээний сургалтанд 180-иад суралцагч топикийн сургалтын ангид 90 гаран суралцагчид хамрагдсан байна.
Манай төгсөгчдөөс БНСУ-ын Курёгийн ИС, Инчоны ИС, Минжү ИС, Алс Дорнодын ИС, Ханбад ИС зэрэг олон сургуулиудад суралцаж байгаа төдийгүй мөн 40-иад хүн гэрээгээр хөдөлмөр эрхэлж 50 гаруй хүн шалгалтандаа тэнцсэн боловч Корона вирусын нөхцөл байдлаас шалтгаалан явах нь түр хойшлогдсон байдалтай байна.
Бид Корона вирусын нөхцөл байдалтай уялдуулан өнгөрсөн оны 12-р сарын 30-ны өдрөөс эхлэн онлайн сургалтыг явуулж эхлээд байна. Одоогоор анхан болон суурьтай анхан шат, дунд шатны ангиудад нийт 40-өөд оюутан хамрагдсан сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрээр амжилттай явуулж байна.
Манай сургалт БНСУ-ын ИС-иуд өргөн хэрэглэдэг ТОПИК-н шалгалтанд давхар бэлтгэх боломж бүхий агуулгатай Сөүлийн ИС-ийн солонгос хэлний сурах бичгийг гол сурах бичгээ болгон хэрэглэж байна. Сургалтын шат тус бүр 3 сарын хөтөлбөртэй хэрэгждэг бөгөөд анхан шатны ангийг дүүргэхэд топикийн шалгалтын 2-р түвшин, дунд шатны ангийг дүүргэхэд 4-р түвшинд тэнцэх мөн топикийн ангийн суралцагсдаа 5-6-р түвшинд тэнцүүлэх зорилгыг тавин хичээл сургалтаа төлөвлөн явуулдаг болно.
Мөн манай сургалтын төв БНСУ-ын Ханбад ИС, Ханнам ИС, Алс Дорнодын ИС болон бусад ИС-руу оюутан илгээж хамтран ажиллаж байгаа бөгөөд ялангуяа солонгосын томоохон хот болох Дэжон хотод байдаг 100 жилийн түүхтэй Ханбад улсын ИС-тай олон талаар хамтран ажиллаж 2019 онд ЕБС-ийн захирлуудыг тус сургуульд айлчлуулах, солонгосын соёлын 7 хоног хөтөлбөр зэргийг хамтран явуулсан болно.
Корона вирусын нөхцөл байдалд уялдуулан Ханнам ИС-иас хэлний бэлтгэлийн жилийн хөтөлбөрийн талыг нь Монголд хямдралтай үнээр тэнхимийн онлайн орчинд суралцаад, үлдсэн хугацааг шууд Ханнам ИС-д буюу Солонгос улсад очиж суралцах тал дээр хамтран ажиллах гэрээ байгуулах түвшинд явж байна. Хямд төлбөрөөр Монголдоо Солонгосын ИС-ийн хэлний бэлтгэлд хамрагдах боломжийг та бүхэндээ удахгүй олгох болсондоо бид туйлын таатай байна.