"Сайн бренд" булангийн өнөөдрийн дугаарт: Dream Fashion Mongolia-г үүсгэн байгуулагч Хатанбаатарын Урангоо
- Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач?
Сайн байцгаана уу? Намайг Хатанбаатарын Урангоо гэдэг. Би 2012 онд СУИС-ийг Дүрслэх урлагийн арьсан урлагийн дизайнераар төгссөн. Багаасаа юм оёж, хатгах дуртай байсан болохоор оёдлын сургалт хайж эхэлсэн. Тэгэж явж байгаад "Мөрөөдлөө урлая" сургалтын төвийн багштайгаа танилцсан. Сургалтанд нь суун дуртай хувцасаа урлаж сурсан. Ээж, эмээ хоёр минь бүх талаараа урам өгч хамгийн анхны оёдлын машинуудыг маань оюутан байхад авч өгч байсан.
"Чимээгүй хөдөлмөрлө. Амжилт чиний өмнөөс ярих болно"
- Dream Fashion Mongolia-г үүсгэн байгуулах болсон шалтгаан?
Сургуулиа дөнгөж төгсөөд их хэмжээгээр материалуудаа авч чаддаггүй байхдаа материал авч, 2 даашинз урласан маань сошиал орчинд маш олон хүнд хүрч, таалагдсан байсан. Ингээд нөхөртэйгээ хамтарч бизнесээ эхлүүлсэн. Миний нөхөр намайг бүхий л талаараа дэмжиж, ойлгодог учраас өөрийнхөө хэмжээнд амжилттай яваа гэж боддог. Мөн хоёр талын гэр бүлийнхэн маань бид хоёрт маш их туслаж, энэ бүхнийг эхлүүлэн, зорилгодоо хүрэхэд минь гол гүүр болж байдаг.
- Ямар чиглэлээр хувцасаа урладаг вэ?
Манайх эмэгтэй хүний бие галбирыг тодотгосон дур булаам харагдуулах даашинзыг түлхүү урладаг ба одооноос биеийн тамирын хувцас дээл монгол цамц зэргийг өнгө размерийн сонголттой урлаж дэлгүүр дээрээ худалдаалж байна.
- Таны баримталдаг зарчим?
Хямд үнэтэй, чанартай барааг үйлчлүүлэгч нартаа хүргэхийг зорьдог
- Эх орондоо хувцас үйлдвэрлэхэд гардаг бэрхшээл?
Хувцас урлана гэдэг хариуцлага, ур чадварыг тухайн хүнээс шаардаж байдаг. Үргэлж шинийг эрэлхийлж, цаг үетэйгээ хөл нийлүүлж алхахын тулд хувцсан дээр хүртэл судалгаа хийдэг. Одоогоор Монголчууд маань харьцангүй үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж ойлгодог болсон нь их таалагдаж байгаа
- Цаашдын зорилго?
Хэрэглэгчиддээ чанартай, хямд бүтээгдэхүүн хүргэж загваруудаа улам бүр өргөжүүлж, шинэлэг, шинэ санаа гаргаж Монголчуудаа үндэсний үйлдвэрлэлээ сонгон үйлчлүүлж байхыг уриалж байх болно.
- Танд маш их баярлалаа. Өдөр бүр үйл нь арвин байж, үйлс нь дэлгэрч байг ээ
Маш их баярлалаа та бүхэнд ч бас амжилт хүсье.