Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн /02.22/ цахимаар боллоо. Хурлын эхэнд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав.
Тухайлбал, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг боловсруулж, хууль санаачлагчид өргөн барих бэлтгэлийг хангаж 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн байна.
Мөн Улс, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах худалдан авах ажиллагааг хуулийн дагуу олон нийтэд ил тод, шуурхай зохион байгуулах, хяналт тавьж ажиллах үүргийг өнгөрсөн долоо хоногт өгсөн.
Хуулийн хүрээнд сонгон шалгаруулах худалдан авах ажиллагаа явагдаж байгаа талаар хэлээд “Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2021 онд 103 тэрбум төгрөгийн 437 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ. Үүнээс 44 тэрбум төгрөгийн 106 төсөл, арга хэмжээ 2021 онд шинээр эхлэх бол 58 тэрбум төгрөгийн 331 төсөл, арга хэмжээ нь он дамжин хэрэгжиж байгаа” гэлээ.
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хүнсний томоохон зах, худалдааны төвүүдийг тогтоосон цагийн хуваарийн дагуу ажиллах, бараа бүтээгдэхүүнийг хангалттай хэмжээгээр нөөцөлж татан авч, хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар 49 хүнсний зах, худалдааны төвүүдийн удирлагууд, дүүргүүдийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн дарга нартай гурван удаа цахимаар хурал зохион байгуулж үүрэг чиглэл өгсөн.
Хоёрдугаар сарын 16-ны өдрөөс хүнсний зах, худалдааны төвүүд, хоёрдугаар сарын 23-ны өдрөөс бусад худалдаа, үйлчилгээ үе шаттайгаар нээгдэхтэй холбогдуулан 14, 15, 16-ны өдрүүдэд худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийг PCR-ын шинжилгээнд хамруулах ажлыг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, дүүргүүдийн ЗДТГ-ай хамтран зохион байгуулж 18 цэгээр нийт 33386 хүнийг шинжилгээнд хамруулсан байна.
Мөн 1800-1200 тусгай дугаарт хандсан иргэдийн тодорхойгүй асуудлыг нийслэлийн нутгийн захиргааны найман байгууллагын холбогдох албан тушаалтантай холбогдон мэдээллийг тодруулан авч, 26 иргэнтэй эргэн холбогдож иргэдэд мэдээлэл өгч, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлж ажиллажээ.
Иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтад хандаж 02 дугаар сарын 11-20-ны өдрийн хооронд нийт 431 өргөдөл, гомдол ирүүлснээс НОК-ын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой 143, нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж 288 өргөдөл, гомдол ирүүлсэн байна. Үүнээс шийдвэрлэгдсэн 244, судлагдаж байгаа 187 өргөдөл, гомдол байна.
Нийслэлийн Засагг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагууд албан хаагчдынхаа харилцаа, хандлага, ёс зүйд анхаарч ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд нийслэлийн харъяа газрууд, дүүрэг, хэлтсүүд “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм” –ийг танилцуулан үйлчилгээ авч буй иргэн аж ахуйн нэгжүүдийг мэдээ мэдээлэл авах эрхээр хангаж ёс зүйн ямар нэгэн зөрчил гаргахгүй байх талаар чиглэл өгч ажиллаж байна.
Хурлын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “нийслэл, дүүргийн удирдагууд хоорондоо уялдаа холбоотой ажиллаж, нэгдсэн зохион байгуулалттай байж цар тахлыг давж гарна. Эрүүл мэндээ хамгаалж байж эдийн засгаа сэргээнэ. Хяналт, шалгалт хийж байна гээд аж ахуйн нэгжүүдийнхээ үйл ажиллагааг нь зогсоогоод, тусгай зөвшөөрлийг нь цуцлаад байж болохгүй. Нөхцөл байдал хүнд байгаа энэ үед аж ахуйн нэгжүүдээ аль болох дэмжиж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаарай. Халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад дүрэм журмаа мөрдөх тал дээр нь зөвлөж ажиллаарай” гэлээ. Мөн нийслэлийн төр захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчдын харилцаа, хандлагыг сайжруулах, ёс зүйтэй байх тал дээр анхаарахыг санууллаа.
02 дугаар сарын 22-ны өдрийн Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит /цахим/ шуурхай зөвлөгөөн дээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өгөв.
- Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг холбогдох хууль тогтоомжийн дагуу өргөн барих, ажлын хэсгээс хуулийн төслийн хэлэлцүүлгийн бэлтгэлийг хангаж, албан хаагчдыг идэвхтэй оролцуулж саналыг тусгаж ажиллах.
- Коронавируст /Ковид-19/ цар тархалтын түвшин тогтоох, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулах түр журам”, “Коронавируст /Ковид-19/-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилтийг салбар бүрээр сайтар хангаж, хяналт тавьж ажиллах.
- Халдварын тохиолдол бүртгэгдсэн, халдвар тархах эрсдэлтэй нутаг дэвсгэрт иргэдийн хөдөлгөөн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны хүрээ, хязгаар тогтоож, шаардлагатай тохиолдолд хорио цээр, хязгаарлалтын дэглэмд шилжүүлж халдвар хамгааллыг чанд мөрдүүлж ажиллах.
- Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаа дууссаны дараа шууд болон шууд бусаар харилцах байгууллагууд хэрхэн ажиллах журмыг тодорхой болгох, худалдааны захын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, халдвар хамгааллын горим, дэглэмийг мөрдүүлэх, иргэдийн хөдөлгөөнийг хянах бүртгэлийг сайтар хөтөлж, үйл ажиллагаанд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж ажиллах.
- Иргэдийг вакцинжуулах ажлын бэлтгэлийг сайтар хангах, Эрүүл мэндийн яамтай харилцан уялдаатай ажиллах.
- Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 27 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/85, А/86, А/87 дугаар захирамж, шийдвэрийн хэрэгжилтийг дүгнэж, байгууллага болгон хийсэн ажлын тайлан, санхүүгийн зардал тооцоогоо нарийвчлан гаргаж Нийслэлийн Онцгой комисст хүргүүлэх.
- Шар усны үер, булгийн болон хөрсний ус, халиа дошингоос урьдчилан сэргийлэх, үүссэн нөхцөл байдлыг шуурхай арилгах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах, үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, далан сувгийн цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах.
- Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай хог хаягдлын цэвэрлэгээ болон авто замын эвдэрч гэмтсэн тэмдэг, тэмдэглэгээ, хайс хашлагыг засварлах, сэргээх ажлыг зохион байгуулах.
- “Хүн ам, өрхийн мэдээллийн систем”-д “Нэг хаалга нэг шинжилгээнд” хамрагдсан иргэд, өрхийг бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулах.
- 1800-1200 дугаар утас, CallCenter-н “Call-Center”-н найдвартай ажиллагаа хангах, техникийн шийдлийг боловсронгуй болгох, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас шаардлагатай бүх талын дэмжлэгийг үзүүлж ажиллахыг тус тус үүрэг болголоо.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС