Монгол Улс ДЭМБ, Дэлхийн дархлаажуулалтын зөвлөх хорооны зөвлөмжийн дагуу эхний ээлжинд вакцинд хамруулах бүлгээ тодорхойлсон талаар ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Манай улс энэ сарын 23-наас коронавирусний дархлаа тогтоох "Астразенека" вакциныг хэрэглэж эхэлсэн. 0.5 млл дээр 10 млл блоконд савласан уг вакциныг 18-аас дээш насны иргэдэд хийх юм.
ДЭМБ, Дэлхийн дархлаажуулалтын зөвлөх хорооны зөвлөмжийн дагуу эхний ээлжинд эрүүл мэндийн байгууллага тэр дундаа цар тахлын голомтод ажиллаж буй ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, ЭХЭМҮТ-2-ийн ажилтнуудыг хамруулах юм. Үүний дараа өрхийн болон дүүргийн эмч нарыг вакцинжуулах юм. Өрх, дүүргийн эмч нар иргэдийг вакцинжуулах ажлыг зохион байгуулах тул дархлаатай байх ёстой хэмээн үзэж байгаа аж. Энэ нь эмнэлэгт ирж буй өвчтөнүүдэд халдвар тараахгүй байх, эрүүл мэндийн байгууллага тасралтгүй ажиллах зорилготой юм. Дараа нь цагдаа, мэргэжлийн хяналт, хил, гаалийн байгууллагын ажилтнуудыг дархлаажуулна. Эдгээр алба хаагч нь батлагдсан тохиолдолтой ойр байсан хүмүүсийг тусгаарлах ажлыг зохион байгуулж байгаа тул халдварлах эрсдэл ихтэй юм. Харин гуравдугаар ээлжинд 50 болон түүнээс дээш насны иргэд, ялангуяа архаг хууч өвчинтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хийнэ гэдгийг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл онцолсон юм.
Коронавирусний вакциныг тухайн вакцины найрлагад орсон бодисноос харшилтай хүнд хийхгүй. Мөн эм, антибиотикт харшилтай, сүүлийн нэг жилийн хугацаанд таталт өгсөн, бусад вакцинд хүчтэй харшил буюу анафлаксийн шоконд орж байсан хүмүүст коронавирусний вакцин хийхгүй аж. Түүнчлэн мэдрэлийн үрэвслийн хам шинжтэй, 38.5-аас дээш халуурсан, ямар нэгэн өвчний зовиуртай, дархлал дутмагшилтай, гормон болон дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэж буй хүн тус вакциныг хийлгэж болохгүй юм.
ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл, “Энэ вакциныг жирэмсэн эмэгтэйд хийх талаар судалгаа хийгээгүй тул жирэмсэн хүнд хийхгүй. Гэхдээ хөхүүл эмэгтэйчүүд хийлгэж болно гэсэн заалттай байгаа” гэлээ.
Иргэд вакцин тариулахын өмнө эмчийн үзлэгт орох бөгөөд үүний дараа 30 минут ажиглалтад байлгах аж. Мөн вакцин тариулахдаа дулаан хувцаслах, сүүлийн нэг сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх, амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, гараа ариутгахыг зөвлөв.
Вакцин хийлгэснийхээ дараа тарьсан газрыг хөндөхгүй, маажихгүй, хоёр хоног ус хүргэхгүй байх, дулаан хувцаслах, согтууруулах ундаа, мансууруулах эм хэрэглэхгүй байхыг зөвлөж буй юм. Мөн халуурах, ханиах зовиур илэрвэл эмчээс зөвлөгөө авах, ажлын ачааллаа тэнцүүлж хэт ядрахгүй байх, давтан тунгаа хугацаанд нь хийлгэх шаардлагатай аж.