Өнөөдөр өглөөний 05:32 минутаас эхлэн Хөвсгөл аймгийн Ханх сумын орчимд 4.6-6.5 магнитудын, Улаанбаатар хотод 4-6 баллын газар хөдлөлт мэдрэгдлээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 километрт Ханх сумын баруун урд зүгт 30 километрын зайд 01 дүгээр сарын 12-нд нийт зургаан удаагийн газар хөдлөлт болж, иргэдэд хүчтэй мэдрэгджээ. Улаанбаатарын цагаар 05:32 цагт 6,5 магнитуд, 05:41 цагт 5,1 магнитуд, 05:47 цагт 4,6 магнитуд, 06:02 цагт 5,3 магнитуд, 06:10 цагт 5 магнитуд, 07:02 цагт 5,6 магнитудтай газар хөдлөлт болсон байна.
Эдгээр газар хөдлөлт нь Улаанбаатар хотын төвөөс 1000 орчим км-ийн зайд болсон ч газар хөдлөлтийн чичирхийлэл Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг, нийслэлийн оршин суугчдад хүчтэй мэдрэгдсэн бол Улаанбаатар хотод 4-6 баллаар буюу унтаж байсан иргэд сэрсэн, гэрлийн бүрхүүл чичирхийлж савласан гэх зэргээр мэдрэгдсэн ч хохирол учраагүй байна.
Газар хөдлөлтийн үед юу хийх вэ?
Газар хөдлөх үед байшин дотор байгаа бол:
-Тайван бай, үймж сандрах хэрэггүй
-Аюулгүй газар хоргодох /нуугдах/ дотор хана, булан, даацын багана гэх мэт.
-Газар хөдлөлт эхлэх үед Та хаана байна, тэндээ л газар сууж, өөрийгөө халхлах, хүлээх
-Бат бөх ширээн доогуур орох
-Цонхноос хол байх
-Цаг, таазны гэрэл зэрэг дээрээс унах зүйлсийн доор зогсохгүй байх
-Хаалга онгойлгоод доор нь зогсвол дээрээс унасан зүйл цохих аюул харьцангуй бага
Газар хөдлөх үед гадна байгаа бол:
-Байшин, барилга, мод, гэрэл болон цахилгааны шонгоос хол, аюулгүй газар олох
-Хэрвээ машин дотор байгаа бол чичирхийлэлт зогстол машинаасаа гарах хэрэггүй
-Машинаар явж байгаа бол замаас гарч зогсох, гүүр, тунелээс холдох, ил задгай талбай олох
-Олон нийтийн газар байвал хаалга, үүд рүү хамаагүй бүү зүтгэ. Дээрээс унаж болзошгүй зүйлээс холдохыг хичээх
-Театр, цэнгэлдэх хүрээлэнд байсан бол суудалдаа суугаад толгойгоо хамгаалах
-Ойр орчимд тэсэрч, дэлбэрэх бодис байгаа бол лаа асаах юм уу, гал гаргаж болохгүй
-Хэрэв уулархаг газар амьдардаг бол хад чулуу нурж унахаас болгоомжлох
Газар хөдлөлтийн дараа юу хийх вэ?
-Өөрийн сэтгэл санааг бүрэн эзэмдэж, эрүүл ухаанаар эргэн тойрноо харах
-Эхлээд өөрийгөө бэртсэн эсэхийг шалгах
-Хэрвээ цус алдаж байвал цэвэрхэн материал ашиглан цус тогтоох арга хэмжээ авах
-Хүнд гэмтэлтэй хүнийг хамаагүй хөдөлгөж, тээвэрлэж болохгүй
-Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх
-Хүүхэд, өндөр настан, өвчтэй хүмүүсийг тайвшруулах
-Нурангид дарагдсан хүмүүсийг өөрийн бололцооны хэрээр аврах
-Онцгой чухал шаардлагагүй бол байшинд орох хэрэггүй
-Нурангин доор байгаа бол тайван байх, боломжтой бол өөртөө анхны тусламж үзүүлэх
-Гадна байгаа хүмүүст дохио өгөх /хашгирах, ямар нэгэн юм нүдэх/
-Гал гаргаж болохгүй
-Өөрийн тамир, тэнхээгээ гамнах
-Шилний хагархай байх тул гутлаа өмсөх
-Ямар нэг эвгүй үнэр байвал цонх, салхивчаа нээх
-Цахилгаанаа яаран бүү залга
-Радиогоо цаг үеийн мэдээн дээр тохируулах