УОК-ын шийдвэрээр Франкфурт – Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 165 иргэнийг татан авлаа. ОМ-138 дугаартай энэ нислэг Буянт-Ухаа нисэх буудалд 11:05 цагт газардсан бөгөөд Буян-Ухаа хилийн мэргэжлийн хяналтын албанаас зорчигчдод эрүүл мэндийн хяналт, тандалт хийж халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн Намуун, Сүнжин гранд зочид буудалд тусгаарлан ажиглалтад шилжүүллээ. Хилээр нэвтрүүлэх үед сэжигтэй тохиолдол илрээгүй.
Мөн УОК-ын шийдвэрээр Алтанбулаг авто замын боомтоор монгол жолоочтой олон улсын ачаа тээврийн 37 хэрэгслийг халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн нэвтрүүлж, жолооч нарт эрүүл мэндийн тандалт хийн хяналт тавин ажиллаж байна.
Энэ сарын 16-ны өдөр Замын-Үүд боомтоор нэвтэрсэн 358 чингэлэг, вагон, Сүхбаатар боомтоор нэвтэрсэн 325 чингэлэг, галт тэргэнд “Баяндэмбэрэл” компаниар халдваргүйтгэл хийлгүүлж, хяналт тавин ажилласан. Түүнчлэн Буянт-Ухаа боомтоор нэвтэрсэн 109 ширхэг, 8492 кг карго ачаа тээшинд халдваргүйтгэл хийсэн байна.
Буянт-Ухаа хилийн мэргэжлийн хяналтын албанаас орон нутгийн нислэгээр зорчиж буй иргэдэд эрүүл мэндийн хяналт, тандалт хийж байгаа бөгөөд энэ сарын 01-нээс 17-ны байдлаар 18 онгоцоор 9 аймаг руу 1488 иргэн зорчжээ.