Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хурлын эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав.
Тухайлбал, хоёрдугаар сарын 23-наас үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэлсэн аж ахуйн нэгжүүдэд арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг хотын дарга сануулсан. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны зургаан хэлтэс тус бүр нэг дүүргийг хариуцан худалдаа, үйлчилгээний газруудад 2021.02.22-ны өдрөөс хяналт тавин ажиллаж худалдааны 2429, хоол үйлдвэрлэл үйлчилгээний 911, ахуйн үйлчилгээний 840, авто засвар үйлчилгээний 279, бусад 243, нийт 4702 аж ахуйн нэгж байгууллагад түр журам, тусгай нөхцөл шаардлагыг хүргүүлж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн байна.
Өнөөдрийн хуралдаанд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийг эхлүүлэх бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар Нийслэлийн боловсролын газрын дарга Ж.Гантулга танилцуулсан юм. Тэрбээр “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ариутгал халдваргүйжүүлтийг хийж байна. Одоогоор 12 сургууль дээр шинжилгээ авах цэг ажиллаж байгаа. Тэдгээр сургуульд ариутгал, халдваргүйжүүлэлт хийх шаардлагатай. Мөн автобусны бэлэн байдлыг хангах ажлыг Нийтийн тээврийн үйлчилгээний газар болон Тээврийн цагдаагийн газартай хамтран зохион байгуулж байна” гэлээ.
Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “Хүүхдийн боловсролын асуудал сэтгэл зовоож байна. Манай улсын хувьд танхимын сургалтыг хоёр жилийн хугацаанд алдчихлаа. Тиймээс нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайн хийж, бэлтгэл ажлаа сайтар хангаарай. Хүүхдийн автобусны аюулгүй ажиллагааг сайтар зохион байгуулаарай. Сургууль, цэцэрлэгийн асуудалд онцгой анхаараарай” гэлээ.
Мөн шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийт байгууллагуудын удирдлагууд “Коронавируст халдвар (КОВИД-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-тай нийцүүлэн харьяа нутаг дэвсгэрийн онцпогтой уялдуулж шаардлагатай заавар, зөвлөмжийг боловсруулж мөрдөх, сурталчлан таниулах, хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлага зохицуулалтаар хангах, төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтан, алба хаагчдын 50 хүртэл хувийг цахимаар ажиллахаар хуваарь, төлөвлөгөө гарган хүний бөөгнөрөл үүсгэхээс урьдчилан сэргийлж ажиллах. Мөн нутгийн захиргааны нийт байгууллагууд дүрмээр хүлээсэн үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээ хүссэн иргэн, аж ахуйн нэгжийг халдвар хамгааллын дэглэм, түр дүрэм журмыг хангуулж ажиллах зэрэг үүрэг даалгавар өглөө.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС