Байгаль орчныг хамгаалдаг, эко соёлыг нийгэмд түгээдэг эмэгтэйчүүдийн чуулган энэ сарын 6-нд цахимаар хуралдахаар болжээ. Тус чуулганы хүрээнд “Газрын эрх-Хүний эрх” болон “Био этик-Эко төсөл” зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнөх бөгөөд Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах нэг шийдэл нь иргэдийн эко соёл учраас уг чуулганыг ийнхүү цахимаар хуралдуулахаар болсон байна.
Энэ талаар “Эко соёл” сангийн тэргүүн Т.Саруул “Агаар, хөрсний бохирдлыг бууруулахад ногоон орчныг маш сайн бүрдүүлэх шаардлагатай. Мөн байгаль орчныг хамгаалахад иргэн бүрийн оролцоо маш чухал. Үүнд эмэгтэйчүүд манлайлан оролцож ирсэн. Тиймээс бид энэхүү чуулганыг хоёрдах жилдээ зохион байгуулхаар бэлтгэж байна. Өмнө нь бид “Нэг хашаа нэг мод” төслийг эхлүүлж, Улаанбаатар хотын гэр хороололд мод тарьж эхэлсэн. Энэ жил бид 5000 мод тарихаар төлөвлөж байгаа. Тийм учраас “Эко соёл” сангийнхан энэ ажилд олон нийтийг уриалан дуудаж, эко соёлыг хэвшүүлэхийн төлөө зорьж ажиллаж байна” гэлээ.