Олон нийтийн дунд цахим сүлжээгээр PCR шинжилгээг зорилтот бүлгээс бусад иргэдээс үнэ төлбөртэй авах тухай мэдээлэл тархсан. Тэгвэл уг мэдээллийг мөрдүүлж эхлээгүй ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ хэмээн Шадар сайдын хэвлэл мэдээллийн албанаас үгүйсгэлээ.
PCR шинжилгээний цэгүүдийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Улаанбаатар хотын хэмжээнд таван дүүрэгт PCR шинжилгээний таван лаборатори ажиллаж байна. Эдгээр нь 6000 сорьцыг шинжлэх хүчин чадалтай. Үлдсэн сорьцуудыг лавлагаа төвүүдийн шинжилгээний лабораториудад илгээж ажиллаж байна. Гуравдугаар сарын 1, 2-нд ачаалал 37.2-52.9 хувиар нэмэгдсэн. Иймээс цэгүүдийг нэмж, 22 болгосон. Мөн явуулын гурван цэгийг гаргаж, их ачаалалтай цэгүүдэд ажиллуулах, ачаалал багатай цэгээс ачаалалтай цэг рүү эмч, ажилтан шилжүүлэх гэх мэтээр зохицуулалт хийж байна.
Цаг аваагүй хүмүүсийн ачааллаас болж, төлөвлөсөн хэмжээндээ татан авсан эмнэлгийн зарим хэрэгсэл дууссан, тасалдсан асуудал байгааг үгүйсгэхгүй. Тиймээс үүн дээр онцгой анхаарч ажиллаж байна” хэмээсэн юм.